“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулж, шилдэг оролцогчдод өчигдөр шагнал гардууллаа. “Хүмүүн бичиг” сонины редакцаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг уралдаанд энэ жил 18 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Өвөр Монгол, Буриадын оролцогчдын нийт 1200 бүтээлийг өрсөлдүүлжээ. Тэр дундаа Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгийн оролцогчид хамгийн олон бүтээл ирүүлсэн байна. Оролцогчдоос хамгийн ахмад нь Баянгол дүүргийн I хорооны оршин суугч, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Гавьяат багш, эдүгээ 102 настай С.Жигмэдсүрэн гуай аж. Харин хамгийн бяцхан оролцогч нь Консерваторын сонгодог хөгжмийн 1а ангийн сурагч О.Ганзаяа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 1а ангийн сурагч М.Бүжинлхам нар аж.
Уралдааныг есөн ангиллаар зохион байгуулсан бөгөөд 1-7 дугаар ангийнхнаас Хөвсгөлийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 7б ангийн сурагч Б.Ууганчимэг тэргүүлсэн байна. 8-11 дүгээр ангийнхны ангилалд Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Б.Намуунзаяа түрүүлжээ. Уг уралдааны 12 дугаар ангийнхны ангилалд өрсөлдөж, шилдгээр шалгарсан сурагчдад их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрх олгодог онцлогтой. Үүний дагуу Архангайн Хайрхан сумын П.Алтанболор, Баянхонгор аймгийн Баянцагааны Н.Алдармаа, нийслэлийн 23 дугаар сургуулийн Б.Баяр-Эрдэнэ нар Боловсролын зээлийн сангийн 100 хувийн тэтгэлгээр МУИС-д суралцах эрх авчээ. Мөн Сэлэнгийн Номгон сумын Г.Лхагванаран, Увсын Наранбулагийн Б.Номингэрэл, Дундговийн Сайнцагааны Г.Ууганбаяр нар МУБИС-д 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхтэй болов.
Мэргэжлийн багшийн ангилалд Хөвсгөлийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн Б.Сүлдбаяр, уран бичлэгийнхэд МУБИС-ийн оюутан О.Ганжигүүр тэргүүн байр эзлэв. Хөвсгөлийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн Г.Энхсайхан багштай 11а-гийнхан сайхан бичигтэн ангийн ангилалд шилдгээр шалгарчээ. Бичвэрийн бус бүтээлийн ангилалд нийслэлийн 34 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Ж.Ариунзул, гадаадын иргэдийн өрсөлдсөн төрөлд ӨМӨЗО-ы иргэн, уран бичээч Б.Соёл тэргүүлжээ.
М.Оч