Гавьяат тамирчин Д.Оюунболдын нэрэмжит, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Тус тэмцээний барилдаан эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурван жингийн өрсөлдөөнөөр эхэлсэн. Энэ жилийн тэмцээнд Гавьяат цолтон дөрөв, дэлхийн медальтай 10 тамирчин оролцсон юм. Тэд өрсөлдөгчдөө ялж, хагас шигшээд шалгаран аваргын төлөө зодоглох нь тодорхой болсон тул бөхийн хорхойтнуудын сонирхлыг ихэд татаж байлаа.
Эрэгтэйчүүдээс 57 кг-д “Төгс” дэвжээний тамирчин, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ, улсын аварга С.Жигүүр нар финалд өрсөлдсөн. Хүчтэй өрсөлдөгчөө цэвэр ялсан Б.Мөнх-Эрдэнэ хоёр жил дараалан түрүү авав. 61 кг-д “Баянгол аваргууд” академийнхнаас тив, дэлхийн хүрэл медальт Т.Түвшинтулга “Хилчин” спорт хорооны тамирчин, Азийн мөнгө, дэлхийн хүрэл медальт З.Занабазартай алтан медалийн төлөөх барилдаанд таарч хожсоноор улсын аварга боллоо. Өнгөрсөн жилийн тэмцээнд Т.Түвшинтулга хүрэл медаль зүүсэн бол З.Занабазар удаалсан юм.
65 кг-д дэлхийн аваргаас хүрэл медаль гардсан Ц.Цогбадрах шигшээ барилдаанд “Аваргууд” академийн Д.Төрбаярыг илүүрхэж, дөрөв дэх удаагаа тэргүүн байрт шалгарч байна. 70 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Тулга энэ удаа жин өгсөж барилдсан. Тэрбээр Б.Өсөхбаярыг оноогоор цэвэр ялснаар аварга цолоо хамгааллаа. Б.Өсөхбаяр өмнөх жилүүдийн тэмцээнийг хошой хүрэл медальтай өндөрлүүлсэн бол энэ удаа өнгийг нь хувиргав.
Хоёр дахь өдрийн барилдаан эрэгтэйчүүдийн 74, 79, 86, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68 кг-ын жинд үргэлжилж, медалийн эзэд тодров. Эрэгтэйчүүдээс 74 кг-д Б.Батбаяр, Э.Төгсжаргал нар үзүүр, түрүүнд шалгарсан. Б.Батбаяр учраагаа буулган авснаар энэ жил анхныхаа түрүүг хүртлээ. Өсвөр үе, залуучуудын УАШТ-д тус бүр гурван удаа тэргүүлсэн Э.Төгсжаргал өнгөрсөн онд 70 кг-д зодоглож, хүрэл медаль зүүсэн бол энэ жил мөн л жин өгсөн барилдаж үзүүрлэлээ. 79 кг-д Азийн хүрэл медальт, армийн дэлхийн аварга О.Сүлдхүү улсын аваргад анх удаа оролцсон 17 настай Ж.Далайцэрэнг ялж, дөрөв дэх алтан медалиа гардсан. Ж.Далайцэрэн өмнө нь 15 насныхны УАШТ-д түрүүлж, 17 насныхад хошой алт, нэг мөнгөн медаль зүүсэн шилдэг тамирчин. 86 кг-д 23 хүртэлх насныхны Азийн аварга Н.Батбилгүүн тивийн мөнгөн медальт Э.Бямбадоржийг хожиж, УАШТ-ий иж бүрэн медальтан болов. Тэрбээр эл жинд хоёр жил дараалан финалдаж, анхны түрүүгээ хүртсэн юм.
Энэ жилийн УАШТ-д орон нутгаас Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймгийн тамирчид оролцсон нь тэмцээнийг сонирхолтой, улам өрсөлдөөнтэй болгов. Эмэгтэйчүүдээс 50 кг-ын жинд Б.Мөнхнар М.Мөнхгэрэлээс даагаа нэхэж, ширүүхэн өрсөлдсөний эцэст 4:2-оор буулган авч аваргалсан. Түүнийг өрсөлдөгч нь өнгөрсөн жилийн тэмцээнд ялсан бол энэ удаа хожигдов. УАШТ-д цөөнгүй жил оролцож, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль хүртсэн тэрбээр энэ жил зорилгоо биелүүлж, анх удаа алтан медалиас атгав. 53 кг-д 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл, Азийн мөнгө, хүрэл медальтай Ч.Отгонтуяа, тивийн мөнгөн медальт Ц.Намуунцэцэг нар аваргын төлөө зодоглолоо. Ч.Отгонтуяа өөрөөсөө эгч, хашир, туршлагатай тамирчинтай алдаа гаргахгүй барилдсаар түрүүлэв.
55 кг-д 23 хүртэлх насныхны Азийн хошой аварга Б.Отгонтуяа тивийн иж бүрэн медальт, улсын хошой аварга М.Дөлгөөнийг хожиж, анх удаа түрүүлсэн нь энэ жилийн тэмцээний онцлох барилдаануудыг нэг байв. Тэгвэл 57 кг-д Азийн мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа шийдвэрлэх барилдаанд Б.Энхтүвшинг 15:3-аар илүүрхэж, улсын аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртэж буй. 62 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд, П.Орхон нар ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө буулган авч финалдсан. Насанд хүрэгчдийн УАШТ-ий хамгийн сонирхол татсан өрсөлдөөн тэдний дунд өрнөж, үзэгчдийн анхаарал барилдаанд нь төвлөрч байлаа. Тэд өнгөрсөн жилийн тэмцээнд шуугиулж, эцсийн мөчид ялагчаар П.Орхон тодорсон бол энэ удаа тэрбээр С.Цэрэнчимэдийн тонгорох дархан мэхэнд ялагдав. С.Цэрэнчимэд УАШТ-д долоо дахь түрүүгээ авч, түүнтэй хойшид таарсан ч бууж өгөхөөргүй өрсөлдөгч гэдгээ мэдрүүллээ.
68 кг-д ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт Э.Дэлгэрмаа 23 хүртэлх насныхны тивийн аваргын хүрэл медальт Б.Ганцэцэгийг хожиж, улсын аваргаар гурав дахь удаагаа тодорсон. 76 кг-ын жинд хүч сорьсон бөхчүүд тойргоор барилдаж, аваргаа тодруулав. ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан тус жинд өрсөлдөгчдөө ялахдаа нэг ч оноо алдаагүй. Үзүүр, түрүүний барилдаанд хилийн цэргийн 0303 дугаар ангийн тамирчин Г.Уртнасантай гар зөрүүлсэн ч туршлагаар илүү болохоо харуулж, дөрөв дэх алтан медалиа зүүсэн. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг олон улсын зэрэглэлтэй 20, улсын зэрэглэлтэй 14, нийт 34 шүүгч дэнсэлсэн. Тэмцээний үеэр олон улсын шүүгч С.Чинбат зодог тайлж, Б.Гантулга, Э.Содбилэг, Э.Пүрэвдамдин нар улсын шүүгчийн үнэмлэх, тэмдгээ гардаж авсан юм.