Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.2 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос таван хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнд уул уурхайн олборлолт 1.2 их наяд, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын орлого 191.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Тодруулбал, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт орлого өнгөрсөн жил 22.8 их наяд болж, өмнөх оныхоос 1.2 их наяд төгрөгөөр өсжээ. Энэ нь чулуун болон хүрэн нүүрс, хүдрийн олборлолт нэмэгдсэнтэй холбоотой аж. Мөнгөний баяжмал, газрын тос, цэвэршүүлээгүй алт, хайлуур жоншны баяжмалын олборлолт эсрэгээрээ 5-32.5 хувиар буурсан байна.
Тэгвэл боловсруулах үйлдвэрийн салбарт шохой, шахмал түлш, шингэн сүү, ус, ундаа, жүүс, малын мах, цемент, цагаан архи зэрэг гол нэр, төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 6-15.1 хувиар өссөн гэв. Харин цэвэр спирт, металл бэлдэц, гурил, янжуур тамхи, ноолууран сүлжмэл эдлэл, катодын зэс, самнасан ноолуур зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.2-46.3 хувиар буурсныг албаныхан хэллээ.
О.Ундрах