Хууль бус мод бэлтгэл, ан агнуураас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Увс аймгийн гурван суманд хийлээ. Тодруулбал, Увс аймгийн БОАЖГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ринагаар ахлуулсан ажлын хэсэг хууль бус мод бэлтгэл, ан агнуураас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдад хийлээ.
Шалгалтын хүрээнд мод бэлтгэлийн ажлын явц, эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олголтод хяналт шалгалт хийж, сумын байгаль хамгаалагч, улсын байцаагч, нөхөрлөлийн гишүүд, иргэдэд мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Мөн хууль бусаар ан амьтан агнахыг завдаж байсан 2 иргэний үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар ан амьтан агнасан 2 иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.