Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 20-ны байдлаарх гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг өчигдөр танилцуулав. Зарим, бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарын мөн үеийнхээс 3.1 хувиар өссөн байна. Тухайлбал, аймгийн төвүүдэд хонь, үхрийн мах кг тутамдаа 200-250 төгрөгөөр нэмэгдэж, хониных 13 250, үхрийнх 16 140 төгрөг болжээ. Харин нийслэлд үхрийн махны үнэ өнгөрсөн долоо хоногийнхоос өсөөгүй, кг нь 19 000 төгрөг хэвээрээ байна. Хониных кг нь дунджаар 15 650 төгрөг болж, 160 төгрөгөөр өссөн аж. Мөн гурил, сонгино, литрийн сүүний үнэ нэмэгджээ.
Нийслэлийн хүнсний зах, дэлгүүрүүдэд гол нэрийн барааны үнэ өртөг харилцан адилгүй байна. “Алтан тариа”-н савласан нэг кг гурил гэхэд “Баянзүрх” захад 3000 төгрөг бол “Саруул” захад 400 төгрөгөөр үнэтэй борлуулж байх жишээтэй. Тэгвэл супермаркетуудад нэг кг нь 3200-3500 төгрөг байв. Түүнчлэн сүү литр нь 3400, савласан нь 4800, тараг 4200, “Атар” талх хүнсний захуудад 2500-2700, хүнсний дэлгүүрүүдэд 2470-2670 төгрөгийн үнэтэй. Будааг захуудад кг-ыг нь 4000-5550, супермаркетүүдэд 5400-5600 төгрөгөөр зарж буйг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Мөн төмс кг нь 1000-1500, лууван 2000-3000, байцай 2500-3500, сонгино 2700-5000 төгрөгийн ханштай байна.
О.Ундрах