Бид “Сумд эзгүйрлээ, хүнгүй боллоо” гэж санаа алдан сүржигнэж, “Сүйхээтэй, сэргэлэн хүн орон нутагт алзахгүй, сайхан амьдарна”, “Монголын хөдөөд л стрессгүй, тайван амьдрал байна”, “Сумд шилжин суурьших хүний тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн” хэмээн залуусыг ятган сэнхрүүлж, хөдөө рүү нүүхийг уриалсаар буй ч бодит байдалд орон нутагт төвхнөх үүд хаалга олон давхар “цоож”-той хэвээр байна. Ажлын байрны олдоц, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, жалга довны үзлээр ялгаварлан гадуурхах хандлага, засаг захиргааны байгууллагынхны хүнд суртал, хэт намчирхал, улстөржилт, газар олголтын гацаа зэрэг үй олон бэрхшээл бий. Тэгвэл хөдөөг чиглэсэн шилжилт хөдөлгөөнд саад учруулж буй энэ олон “цоож”-ийг хэрхэн онгойлгох вэ. Хамгийн гол буюу нэн түрүүнд нээх ёстой нь аль вэ. Эл асуултад судлаачид “боловсрол” хэмээн хариулж байна.
Боловсрол яагаад чухал вэ. Энэ салбарын бодлогыг зөв чиглүүлж, чанар, хүртээмжийг нь сайжруулан, тэгш бус байдлыг бууруулж чадвал хэд хэдэн “цоож”-ийг давхар нээх боломжтой гэнэ. Үүний тулд нарийн тооцоо судалгаанд үндэслэсэн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлагатай аж.
Сул орон зай
Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулахын тулд юуны түрүүнд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого, тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэйг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Шинжлэх ухаан, бодлогын хорооны гишүүн, судлаач У.Тунгалаг хэлсэн юм. Одоо манайд хэрэгжүүлж, баримталж буй бодлого нь иргэдийг хөдөөд биш, хотод төвлөрүүлэхэд чиглэж байгааг тэрбээр хөндсөн. Судлаач “Манай улс хөдөөг хөгжүүлнэ, иргэдийг орон нутагт төвлөрүүлнэ гэчхээд дандаа хотод байдаг ажлын байранд хүн бэлддэг, мэргэжилтэй боловсон хүчнээ Улаанбаатар луу урин дууддаг. Хөдөө аж ахуйн салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэх бодлого тасарч, алдагдсан. Ийм байхад хэн орон нутгийг зорих вэ дээ” гэж шүүмжилсэн юм. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоо, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт, их, дээд сургуулиудын элсэлт зэргийг харахад үнэхээр л ийм гажуудал тод харагддаг.
Монгол Улс хөдөө аж ахуйн орон, монголчууд нүүдлийн мал аж ахуйг өвлөн уламжилж яваа дэлхий дээрх цөөн үндэстний нэг гэдэг боловч энэ салбарыг хөгжүүлэх, боловсон хүчнээр хангах бодлогыг орхигдуулсан. Зоотехникч, мал зүйч, малын эмч, агрономич, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологич, биотехнологич зэрэг хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлээр ажиллах сул орон тоо хөдөлмөрийн зах зээлд бий ч элсэн суралцах хүн эрс цөөрсөн, их, дээд сургуулиуд ч энэ чиглэлийн сургалтын хөтөлбөрүүдээ хумьсан. Зарим мэргэжил нь устаж, мартагдахад хүрээд байгаа. Хөвсгөл аймагт гэхэд хөдөө аж ахуйн салбарт ажиллах 10 000 орчим хүний орон тоо бий боловч үүнийхээ 30 орчим хувийг л дөнгөн данган хангаж буй гэнэ. Газар тариалангийн гол бүс нутаг, улсын нийт ургацын 50 орчим хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ аймагт агрономич олдохгүй, тариалан эрхлэгчид үгээ хэлэх болж. Энэ байдал цаашид үргэлжилсээр байвал хөдөө аж ахуйн салбарын доройтол тартагтаа тулна. Хөдөө жинхэнээсээ эзгүйрнэ. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ярихад дэндүү оройтож ч мэднэ. Тиймээс орон нутгийг хөгжүүлье гэж байгаа л бол хөдөө аж ахуйн салбарыг хөл дээр нь босгоход анхаарах хэрэгтэй. Энэ салбарт хүчин зүтгэх хүмүүст ажлын байрыг нь хангалттай бэлдэх шаардлагатай. Нийгэм, цаг үеийн хөгжлөө дагаж шинэ тутам бий болж буй мэргэжлүүдээр боловсон хүчин бэлдэхээс гадна уламжлалт аж ахуйн салбараа “тэтгэх” бодлогыг давхар авч явах учиртай. Нэгэнт Улаанбаатар хот ачааллаа хөнгөлөх, хүн амынхаа тоог хязгаарлахаас аргагүйд хүрсэн бол дээд боловсролын бодлогоо хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдуулах нь зүйн хэрэг юм. Өдгөө Монголд хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, филосифич биш (илүүдэлтэй мэргэжлүүд), хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүн л хэрэгтэй байна.
Өдөр, шөнө шиг ялгаатай
Гэр бүлүүд, ялангуяа залуу өрхүүд орон нутагт шилжин суурьшихад хамгийн их тулгамддаг, сонголтод нь нөлөөлдөг зүйл бол боловсролын тэгш бус байдал. Хот, хөдөөгийн байтугай нийслэлийн төвийн болон алслагдмал дүүргийн сургуулиудын хооронд сургалтын чанар, хүртээмж, орчны асар том ялгаа байдаг. Үр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх гэж түм түжигнэсэн их хотын хаяа барааддаг иргэн цөөнгүй байдагтай адил аймаг, сумын сургуулиудыг чамласандаа хөдөө рүү зүглэж чаддаггүй гэр бүл ч бий. Хот, хөдөөгийн сургуулиудын сургалтын чанар, түвшин хэр хол зөрүүтэйг олон улсын сурлагын амжилтын PISA үнэлгээний үр дүн ч харуулсан. Нийслэлийн сурагчид аймгийнхаас, аймгийнх нь сумынхаас эрс ялгаатай үзүүлэлттэй, даруй хоёр жилийн хоцрогдолтой нь үүгээр тодорхой болсон юм. Хэрэв хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийг зорьж буй бол нийгмийн суурь хэрэгцээ болсон боловсролын чанарыг дээшлүүлж, тэгш байдлыг хангах зайлшгүй шаардлагатай. Үнэндээ сумын сургуулиудын дунд модон жорлон, зуухнаасаа салаагүй нь ч олон шүү дээ. Ийм орчинд хэн хүүхдээ сургахыг, зутраахыг хүсэх билээ.
Хоцрогдсон хандлага, сэтгэлгээ
Төр засаг, орон нутгийн удирдлагууд л хөдөөд сайхан боломж, орчин нөхцөл хүлээж буй мэт зүйлс ярьж, сурталчилдаг ч үнэндээ бодит байдал газар, тэнгэр шиг ялгаатай. Орон нутаг руу шилжсэн иргэдтэй ярилцаад үзээрэй. Тэд маш олон бэрхшээл, сорилттой нүүр тулснаа хэлнэ. Ялангуяа улстөржилт, намчирхлаас үүдэлтэй элдэв дарамт хавчлага, “нутгийн индианууд”-ын дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, төрийн байгууллагынхны хүнд суртал сумд газар авсан. Нутагт нь ажил, бизнес эхлүүлсэн хүмүүсийг янз бүрээр хавчин боож, хөөж туудаг явдал цөөнгүй. Түр оршин суугч гээд газар олгоогүй, хүүхдийг нь улсын сургууль, цэцэрлэгт аваагүй тохиолдол ч элбэг юм билээ. Зөвхөн үүнээс болж өөр газар луу нүүсэн хүн цөөнгүй. Энэ бүх гажуудлын цаад шалтгаан нь мөн л боловсролтой холбоотой. Монгол Улсын иргэн эх орныхоо нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр болон байнга оршин суух газар орноо сонгох, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Тодруулбал, бид хаана ч ажиллаж, амьдарч болно. “Миний, чиний нутаг, манай, танай газар” хэмээн талцан хуваагдаж, өөр аймаг, сумаас ирсэн хүмүүсийг гадуурхах, хөөх эрх хэнд ч байхгүй. Хөдөөгийнхний гаргадаг энэ мэт хоцрогдсон хандлага, сэтгэлгээ нь тэдний боловсролд онцгой анхаарах шаардлага тулгарсны баталгаа юм.
Малчдаас боловсрол шаардъя
Орон нутгийн иргэд, тэр дундаа малчдын боловсролд анхаарснаар байгаль орчин, бэлчээр нутгаа хамгаалах чухал ач холбогдолтойг судлаач У.Тунгалаг дурдсан юм. Газар нутаг бол улс орны хамгийн үнэ цэнтэй баялаг. Ялангуяа манайх шиг “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн хуулиар тунхаглаж, хөдөө аж ахуйн салбарын үндэс болсон бэлчээр нутгаа хамгаалах онцгой үүрэг хүлээсэн орны малчид газар ашиглалт, мал маллагааны арвин туршлагатай, мэдлэг, боловсролтой байх учиртай гэнэ. Даанч Монгол Улс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах асуудлыг “хойш тавьсан”-аас малч ухаан, эрдэм гэдэг зүйл гээгджээ. Бэлчээрийн даацаас хоёр дахин давсан тооны малтай болж, цөлжилт, газрын доройтол гаарсан нь ч үүнтэй холбоотой гэж үзэж буй. Тийм ч учраас цөлжилт, газрын доройтлыг бууруулах олон улсын төсөл, хөтөлбөрүүд малчдыг чадавхжуулж, боловсролтой болгоход чиглэдэг. Харин одоо Засгийн газар энэ чиглэлд дорвитой анхаарч, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Нэгэн цагт бид малчдын цөлх, холч ухааныг биширч бахаддаг байв. Харин одоо боловсролгүй хүн л мал дээр гардаг гэсэн нийтлэг ойлголттой болж. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, орон нутагт аятай таатай амьдрах боломж бүрдүүлэх гол түлхүүр нь боловсрол ажээ.
Н.Мишээл