Швейцарын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд Шадар сайд Т.Доржханд оролцож байна. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тус чуулганы үеэр тэрбээр “Эрчим хүч, түүхий эдийн геоэкономик”, “Бохирдлыг шийдвэрлэх технологийн шийдэл” хуралдаанд оролцох юм. Мөн Дэлхийн эдийн засгийн форумтай байгуулах “Стратегийн оюун ухааны платформ” төслийн хамтын ажиллагааны гэрээ, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Шадар сайд Т.Доржханд өчигдөр стратегийн оюун ухааны платформ хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үйл ажиллагаа хариуцсан захирал Оливер Швабтай байгуулж, үзэглэлээ. Тус платформ нь улс орнуудын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг түргэсгэх, дэлхий дахинд гарч буй олон түвшний өөрчлөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээ авахад ач холбогдолтой аж. Засгийн газар хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон шилжилтийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулахаа зарласан. Үүний хүрээнд “Стратегийн оюун ухааны платформ”-д ийнхүү нэгдэж, олон улсын шинжлэх ухааны болон тинк-танк байгууллагуудын 400 гаруй нийтлэл, 4000 орчим эрдэмтэн, судлаачийн судалгааны ажилд үндэслэн, тэдгээрийг эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын чиг хандлагыг тодорхойлоход ашиглах боломж бүрдэв. Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү дэвшилтэт платформ нь төрийн байгууллагуудын стратеги, төлөвлөлтийг илүү боловсронгуй, үр дүнтэй болгох замаар бүтээмжийг дээшлүүлж, шийдвэр гаргалтад ч эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа.
Ташрамд дурдахад, Манай улс энэ удаагийн чуулганд улс орноо сурталчлан таниулах зорилгоор “Mongolia house” ажиллуулж, олон талт уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Чуулганд оролцогч 200 орноос арав гаруй нь ийм хаус ажиллуулж байгаа гэнэ.
М.Гэгээ