“Монголын хөрөнгийн бирж” (МХБ) компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 16-ны шийдвэрээр гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаярыг чөлөөлж, Б.Дөлгөөнийг томилсон байна. Б.Дөлгөөн нь АНУ-д олон улсын хөгжлийн эдийн засгийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг эзэмшжээ. Тэрбээр 2022-2023 онд Эдийн засаг, хөгжлийн яамны зөвлөх, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв болон Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал зэрэг удирдах албан тушаал хашиж байв.
Б.Дөлгөөн нь өнгөрсөн оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 25 дугаарт бичигдсэн ч сонгогдож чадаагүй. Гэсэн ч нэг шат уруудан, нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөөд сонгогдсон. Өөрөөр хэлбэл, өдгөө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч юм. Мөн Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны даргаар өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ажиллаж буй аж.