АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөх ёслолын уламжлыг эвдэн гадаа ил талбайд бус харин Капитолийн ордонд хийхээр болжээ.
Энэхүү ёслолын ажиллагааг дотор хийх болсон нь сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа анх удаа болж байна хэмээн “The New York Times” сонин тэмдэглэжээ.
Хамгийн сүүлд 1985 онд ерөнхийлөгч Дональд Рейган хоёр дахь удаагаа сонгогдон тангараг өргөхөд ийм зүйл болж байжээ. Дотор хийх болсон шалтгааныг тухайн үед цаг уурын нөхцөл байдалтай холбож байсан бол энэ удаа ч мөн ялгаагүй хүйтний эрч чангарч байгааг дурдан тайлбарласан байна.
Трампын өөрийн цахим хуудастаа бичиж буйгаар, тангараг өргөх ёслолын өдөр буюу нэгдүгээр сарын 20-нд агаарын хэм хасах 20 хэмд хүрэх төлөвтэй байгаа тул “Рональд Рейганы адил нээлтийн үг, залбирал болон тангараг өргөх ёслолыг АНУ-ын Капитолын ротондад /тус ордны бөмбөгөр дээвэртэй голын танхим / хийхийг тушаасан" гэжээ.
Тус танхим ердөө 600 орчим хүний багтаамжтай бөгөөд Трампын хоёр дахь тангараг өргөх ёслолыг үзэхээр төлөвлөж байсан олон мянган америкчуудын урам хугарчээ.
Вашингтон руу билет худалдаж аваад зочид буудалд байрласан АНУ-ын иргэдэд нээлтийн ёслолыг үзэхийн тулд зочид буудлынхаа лобби, ойролцоох том дэлгэц бүхий бааранд уулзалт зохион байгуулахыг санал болгожээ.
Трамп өөрөө 20,000 хүний суудалтай Capital One Arena цэнгэлдэх хүрээлэнд цугларахыг урьж, дараа нь тэдэнтэй нэгдэнэ гэж амлав.
Washington Post сонинд бичсэнээр арга хэмжээ болох газрыг сүүлийн мөчид өөрчилсөн нь хэдий хүн амьтдад санаа тавьж байгаатай холбон тайлбарлаж байгаа ч хамгаалалтын алба, зохион байгуулагчдад туйлын хүндрэл учруулсан нь ойлгомжтой.
Трампын тангараг өргөх шинэ индрийг яаралтай барихаас гадна шинэ ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг найдвартай хангах шаардлагатай болжээ.
Танграраг өргөх ёслолын арга хэмжээг шилжүүлэх болсон өөр нэгэн шалтгааныг хэвлэлүүд онцолж байна. Хэдийгээр Трамп олон тооны саналаар илүүрхэж, итгэлтэйгээр ялсан ч Америкийн нийгэмд хүн бүр түүнд таатай ханддаггүй. Эсэргүүцэл, үйл ажиллагааг үймүүлэх оролдлого гарч болзошгүй юм.
“Энэ жилийн Трампын тангараг өргөх ёслолыг эсэргүүцэх жагсаал найман жилийн өмнөх шиг олон зуун мянган хүн гэж албаны хүмүүс үзэж байна. Гэвч эсэргүүцлийн жагсаалд оролцохоор төлөвлөж буй хүмүүс цаг агаар биднийг зогсоохгүй хэмээн мэдэгдэв" гэж Washington Post бичжээ.
Тодруулбал, Палестиныг дэмжигч эвсэл, ажилчин ангийн бүлгүүд, социалистууд, цагаачдын гэр бүлийг дэмжих хөдөлгөөний төлөөлөгчид болон бусад хүмүүс эсэргүүцлийн ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэн байна.
Огцорч буй Ерөнхийлөгч Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан тав хоногийн өмнө хэлсэн хачирхалтай мэдэгдлийг эргэж санавал. Таангараг өргөх ёслол болохгүй ч байх талтай гэдгийг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр "ойрын хэдэн өдөрт гэнэтийн зүйл тохиолдох болно" гэж анхааруулжээ. Трампын амь насанд хоёр ч удаа халдах гэж оролдсоныг санавал эдгээр үгс огт өөр утгатай болох аж.
Тиймээс Трамп аюулгүй байдлын үүднээсээ тангараг өргөх ёслолоо шилжүүлсэн байх талтай.