Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин Д.Долгормаатай ярилцлаа. Тэрбээр “Grand prix di Natale-2024” олон улсын уралдаанд 10 орны 120 гаруй уран бүтээлчтэй өрсөлдөн, үндэсний уламжлалт бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Ө.Ариунбаатарын хөгжим, А.Санчирдоржийн дэглэлт “Зүүдний ганга” бүтээлээр Д.Долгормаа уг уралдаанд оролцжээ.
-Итали улсад зохион байгуулсан “Grand prix di Natale-2024” олон улсын уралдаанд 10 орны 120 гаруй уран бүтээлчтэй өрсөлдөж, үндэсний уламжлалт бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарах мэдрэмж ямар байв?
-Олон улсын уралдааны тайзнаас эх орныхоо нэрийг дуудуулах нь үнэхээр гайхалтай мэдрэмж юм билээ. Маш их баярлаж, омогшиж байлаа. Энэхүү тэмцээнд манай улсаас нэлээд хэдэн хамтлаг, уран бүтээлч оролцсон. Юуны түрүүнд тэдгээр уран бүтээлчдээ баяр хүргэх нь зүйтэй байх. Мөн Завхан аймгийн “Amka dance” студийн үүсгэн байгуулагч Э.Амаржаргалд талархсанаа илэрхийлье. Бидний материалыг олон улсын уралдаанд хүргүүлсэн юм.
-Энэхүү уралдаанд өрсөлдсөн бүтээлийнхээ онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Соёлын тэргүүний ажилтан Ө.Ариунбаатарын хөгжим, А.Санчирдоржийн дэглэлт “Зүүдний ганга”, “Хүрмэн хүү” гэсэн хоёр бүтээлээр өрсөлдлөө. Уралдаанд оролцох бүжгээ хөгжмийн зохиолч, бүжиг дэглээчтэйгээ сайтар ярилцсаны үндсэн дээр сонгосон. Олон улсын уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно гэдэг утгаараа үндэсний уламжлалт хэв маягийг шингээсэн бүжиг сонгохыг их хүссэн л дээ.
-Шүүгчдийн зүгээс уралдаанд оролцогчдод ямар шалгуур тавьсан бэ?
-Үндэсний язгуур урлагийн төрөлд оролцож буй уран бүтээлчдэд тухайн улсынхаа өв соёл, уламжлалт зан заншлыг шингээсэн бүтээлээр оролцох хэрэгтэй гэсэн. Үүнээс гадна мэдээж бүжиг дэглэлт, хөгжмийн зохиол, тухайн бүжигчний ур чадвар зэргийг харгалзан үзсэн юм.
-Язгуур урлаг нь үзэгчдэд эх орноороо бахархаж, омогших сэдэл төрүүлэх увдистай гэдэг. Тэр хэрээр уран бүтээлчээс ур чадвар шаарддаг байх?
-Үндэсний бүжгээ бүжиглэх гээд тайзнаа гарахад яагаад ч юм шууд л омогшиж, догдолдог. Монгол бүжиг өөрийн гэсэн онцлогтой, бас бусдыг татах увдистай гэж хэлнэ. Тэр бүх онцлогийг нь бүтээлдээ шингээн урлаж байж монгол бүжиг өвөрмөц, гайхалтай юм байна гэдэг мэдрэмжийг бусад орны үзэгчдэд өгнө шүү дээ. Тиймээс тухайн уран бүтээлчээс нэлээд ур чадвар шаарддаг.
-ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг “Танзолимп-2024” олон улсын уралдааны дэд байрт та шалгарч, энэ жил Герман улсын Берлин хотноо болох дэлхийн бүжгийн олимпын финалын шатанд оролцох эрхээ авсан юм билээ. Бүжгийн олимпод оролцох бэлтгэлээ хангачихсан уу?
-Эхлээд Ази тивээс шалгарсан уран бүтээлчид энэхүү уралдааны финалын шатанд оролцох эрхээ авдаг. Ази тивийн шалгаруулалтад 5200 гаруй бүжигчин өрсөлдсөн. Ингээд эхний шатанд шалгарсан оролцогчид БНСУ-ын Сөүл хотноо өнгөрсөн наймдугаар сард очиж, дараагийн уралдаандаа оролцсон юм. Энэ уралдаанд дээр дурдсан “Amka dance” студийн үүсгэн байгуулагч Э.Амаржаргал болон шавь нар нь ч бас оролцож, финалын шатанд үлдсэн. Финалын шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 20-25-нд Германы Берлин хотод болно. Нэг сар орчмын хугацаа үлдсэн учраас шаргуу бэлтгэж байна.
-Таныг Дундговь аймгийн уугуул гэж сонссон. Гэтэл яагаад Дорнод аймгийн Хөгжимт драмын театртай амьдралаа холбох болов. Тус театрт ажиллаад зургаан жил болсон байх аа?
-Консерваторыг 2019 онд төгсөөд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Үүний дараа ар гэрийн шалтгааны улмаас Дорнод аймагт шилжин очсон юм. Тэгээд л Хөгжимт драмын театрыг нэлээд судалсны эцэст ажиллахаар шийдэж байлаа. Маш чадварлаг уран бүтээлчидтэй, найрсаг хамт олонтой ийм сайхан газар ажиллаж байгаадаа өөрийгөө азтай гэж боддог.
-Аймгийнхаа “Дорнын бүжиг” клубт багшилдаг юм билээ. Клубийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“Дорнын бүжиг” клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 15 дахь жилтэйгээ золгож буй. Клубийнхээ 15 жилийн ойн тоглолтыг өнгөрсөн арванхоёрдугаар сард олны хүртээл болголоо. Манай клуб нийт 10 багштай. Тэд сурч боловсорсон, мэргэшсэн төрлөөрөө хүүхдүүдэд хичээл заадаг. Миний хувьд сонгодог болон монгол бүжгийн хичээл ордог юм. Хүүхдүүд маань БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулах Азийн ардын бүжгийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн гэх сайхан мэдээ саяхан хүлээн авсан. Тэгээд л багш, сурагчгүй эрчимтэй бэлтгэж, завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна.
-Монголын төдийгүй олон улсад үнэлэгдэж буй авьяаслаг уран бүтээлчид томоохон театруудад ажиллах санал ирдэг л байх даа?
-Одоогоор тийм санал ирээгүй байна. Мэдээж ийм санал ирвэл маш их баярлах байх. Гэхдээ театр маань л намайг өнгөлж тордон, бүх талаар дэмждэг учраас эндээсээ холдохгүй л болов уу. Миний хувьд орон нутгийн театртаа ажиллаж, тэнд буй үзэгч олныхоо урлагийн боловсролд бага ч болов хувь нэмрээ оруулдагтаа сэтгэл хангалуун байдаг юм. Хүссэн газраа, хайртай мэргэжлээрээ ажиллах шиг жаргал хаана байх вэ.
-Багаасаа л бүжиглэх дуртай хүүхэд байв уу. Яагаад энэ мэргэжлийг сонгон суралцах болов?
-Би багадаа тийм ч хөдөлгөөнтэй хүүхэд байгаагүй. Бараг л бүжиглэдэггүй байсан. Харин театрт тоглосон концертуудыг үзэх их дуртай байлаа. Тайзан дээр бүжиглэж буй ах, эгч нарыг хараад л “ямар мундаг юм бэ, би ч гэсэн бүжигчин болох юм сан” гэж нууцхан хүснэ. Үүнийг нь л эмээ минь олж харж, хөгжүүлсэн юм шиг санагддаг. Бүжгийн урлагтай амьдралаа холбох гол шалтгаан эмээ минь. Эмээгийнхээ хүслийг биелүүлж, энэ мэргэжлийг сонгосон гэхэд болно. Миний хүүхэд нас эмээтэй салшгүй холбоотой. Эмээ минь аль сайн гэсэн бүжгийн дугуйланд хөтлөөд л явуулдаг байсан. Тэгээд л Хөгжим бүжгийн коллежид орж, анх удаа тоглолтын тайзан дээр гарч байлаа. Тухайн үед дээд курсийн ах, эгч нар тайлан тоглолтоо үзүүлдэг байсан юм. Тэр үед нь их л сонирхож, шимтэн үзнэ. Заримдаа ах, эгч нарынхаа дунд ороод бүжиглэнэ. Ингэж л хамгийн анх тайзан дээр гарсан түүхтэй. Сандрах, догдлох, баярлах, бас хариуцлагатай байх ёстой гэх бодол толгойд орж ирээд ёстой л бүх зүйл давхацсан сонин мэдрэмж юм билээ.
-Бүжиглэх үедээ сэтгэл хөдлөлдөө хэрхэн анхаардаг вэ?
-Олны хүртээл болгох гэж буй уран бүтээл маань яг юуг илэрхийлэхээр зорьж байгааг ойлгох нь хамгийн чухал. Тухайн уран бүтээлийнхээ өнгө аяст тохируулан сэтгэл хөдлөлөө удирдах ёстой. Тиймээс тайзан дээр гарахаасаа өмнө нэлээд сайн бодож, бясалган, тухайн орчиндоо уусаж бүжиглэдэг. Тайзан дээр асар олон мэдрэмжийг зэрэг авч явахын тулд сэтгэл хөдлөлөө сайтар хянаж сурах хэрэгтэй гэж боддог. Ерөнхийдөө хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч нар тухайн уран бүтээлээр дамжуулан үзэгчдэд ямар мэдрэмж өгөхийг хүсэж байна, түүнийг нь ойлгочхоод дараа нь сэтгэл зүйгээ бэлтгэдэг гэх юм уу. Тайзан дээр гарч бүжиглэхээр орчноосоо тасраад, тухайн уран бүтээлдээ автчихдаг.
-Урлагийнхан, тэр дундаа бүжигчдийн бага нас их л завгүй, шахуу бэлтгэл сургуулилалттай өнгөрдөг юм шиг санагдсан.
-Хөгжим бүжгийн коллежид таван жил сурдаг. Ер нь үеийнхээ хүүхдүүдийг бодвол харьцангуй ачаалал ихтэй. Өглөө 08.00-12.00 цаг хүртэл ерөнхий боловсролын хичээл үзнэ. Үүний дараа мэргэжлийн хичээл ордог учраас их завгүй. Гэхдээ анхнаасаа л зорилго нь тодорхой, бас дуртай мэргэжлээрээ сурч буй учраас хэчнээн завгүй байсан ч шантарч үзээгүй. Харин ч бүр мэргэжилдээ дурлаж өссөн.
-Мэргэжлийнхээ юунд хамгийн ихээр дурладаг вэ?
-Миний мэргэжил Монголд төдийгүй олон улсад үндэсний урлагаа түгээн дэлгэрүүлэх боломж олгодгоороо онцлогтой. Монгол хүний дархлаа бол үндэсний өв соёл, зан заншил гэлцдэг шүү дээ. Үүний адилаар бүжигчин миний хувьд эх орон минь ийм сайхан өв уламжлалтай гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүсдэг. Тэгээд л бахархаж, омогшсон хүмүүсийг хараад эрч хүч авч, мэргэжлийнхээ үнэ цэнийг улам бүр мэдэрдэг юм.
-Хүссэн мэргэжлээрээ ажиллах нь сайхан ч эмзэглэж явдаг зүйл бий юү?
-Урлагийнхан, тэр дундаа бүжигчдийн хувьд цалин хөлс бага. Нэг талаас дуртай ажлаа хийгээд аз жаргалтай амьдарч буй боловч цалин хөлс нийгмийн баталгаа болчхоод байна шүү дээ. Наанадаж олон улсын уралдаанд оролцохоор боллоо гэхэд нааш, цааш явах зардлаас эхлээд санхүүгийн хувьд цөөнгүй бэрхшээлтэй тулгардаг. Үүнээс болоод авьяастай уран бүтээлчид ур чадвараа олон улсад үнэлүүлж чадахгүй үлдэх нь ч бий. Тэгэхээр уралдаанд оролцож буй уран бүтээлчдээ дэмжихэд бодлогоор анхаараасай гэж хүсдэг.
-Завгүй амьдрал, шахуу бэлтгэлээс болоод шантрах үе цөөнгүй байх. Энэ бүхэнд өөрийгөө яаж бэлдэж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг бол?
-Аливаа бүтээлийг олны хүртээл болгоход маш олон цагийн хүч хөдөлмөр, шаргуу бэлтгэл сургуулилалт хийх шаардлагатай болдог. Урлагийнхны хувьд ер нь багаасаа бие, сэтгэлийн хувьд тэсвэр хатуужилтай болдог юм шиг санагддаг. Үүнд өөрийгөө багаасаа бэлддэг гэх юм уу. Ямар нэгэн уралдаанд орохоор төлөвлөсөн бол өөрийгөө дасгалжуулж, цагийн хуваарийн дагуу бэлтгэлээ хийнэ. Энэ хугацаанд ядарч, шантрах үе бишгүй л тохионо. Тэр бүрд л яагаад, юуны төлөө би энэ мэргэжлийг сонголоо гээд өөрийгөө зоригжуулж, буцаад босдог.
-Хүсэл сонирхлоо ажил мэргэжлийнхээ нэгээхэн хэсэг болгоод явж буй хүний хувьд ирээдүйгээ тодорхойлох гэж байгаа хүүхэд, залуучуудад хандан ямар зөвлөгөө өгөх вэ?
-Мэргэжил гэдэг хүний амьдралын салшгүй хэсэг. Тиймээс өөрийнхөө дуртай зүйлийг сонгон суралцах нь хамгийн чухал. Хэрэв хүссэн мэргэжлээрээ ажиллаж байгаа бол битгий зогсоорой гэж хэлье. Шантрах, туйлдах үе тохиовол үргэлж өөрийгөө зоригжуулаад, заавал ард нь гардаг байх хэрэгтэй. Хөдөлмөрийн үр дүн хэзээ нэгэн цагт хэмжигдээд л гараад ирнэ шүү дээ.
У.Цэцэгсүрэн