“Тохижилт, үйлчилгээний ажилчид ирэх долоо хоногоос эхлээд төв гудамжуудад шүүр барьж зогсохгүй. Нийтийн цэвэрлэгээ, үйлчилгээний тоног төхөөрөмжийг механик болгоно” хэмээн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард онцолж байсан юм. Гэсэн ч үүнээс хойш нэг жил орчмын хугацаа өнгөрсөн ч өөрчлөгдсөн зүйл алга. ТҮК-ийн ажилчид дэрсэн шүүрээ бариад тоос манаргасан хэвээрээ. Цас орохоор хүрзээ бариад алхдаг нь өөрчлөгдсөнгүй. Уг нь цэвэрлэгээний хэд хэдэн тоног төхөөрөмж авснаа хотын дарга цахим хуудсандаа тэмдэглэн үлдээжээ. Гэсэн ч тэдгээрийг нь ашигладаг хүн үгүй бололтой.
Хотын тохижилтыг өдгөө дүүргүүд хариуцаж буй. Иймд дүүргүүдээс энэ талаар тодруулахад Чингэлтэйнхэн “Хотын дарга тэгж ярьж байсан юм уу. Тохижилт үйлчилгээний ажилчид шүүрээ хэрэглэдэг хэвээрээ шүү дээ” гэсэн юм. Харин Хан-Уул дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн “Хэд хэдэн тоног төхөөрөмж ир-
сэн. Гэхдээ энэ талаар мэдээлэл өгмөөргүй байна” гэв. Хотын төв хэсэг буюу Сүхбаатар дүүргийн ажилчид ч шүүрээ чирээд явж буйгаас нь үзэхэд нөхцөл байдал хэвээрээ гэдэг нь тодорхой.
А.Үүл