Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа Радио телевизийн үндэсний сүлжээ, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран RTBN аппликэйшн-ийг хөгжүүлж, нэгэн шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Тодруулбал, цахилгаан хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад тус аппликэйшнээр дамжуулан эрчим хүчний гэмтэл саатлын болон хязгаарлах тухай урьдчилсан мэдээллийг хүргэх юм байна. Газар хөдлөлийн, бусад аюулт үзэгдэл, ослын дуут дохиог ч мөн түүгээр дамжуулах аж.
Түүнчлэн RTBN аппликэйшнээр Монголын радиог 21 аймаг, алслагдсан сум, дүүргийн иргэдэд хүргэдэг болжээ. Улмаар өргөн нэвтрүүлгийн 16 телевизийг үүрэн операторын сүлжээтэй газарт малчид, тээвэрчдэд RTBN-ээр дамжуулан үзэх, сонсох боломжийг бүрдүүлсэн байна. Хэрэв та тус аппликэйшнийг ашиглахыг хүсвэл ухаалаг утасныхаа App, Play store цэснээс татан суулгаарай.
О.Оргилох