УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны энэ сарын 22-ны хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан явдал юм. Тодруулбал, байнгын хорооны гишүүд уг төслийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн, баталсан байна. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн ахалж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтад хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн боловсруулжээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Засгийн газраас БНЭУ-ын “Эксим” банкнаас нэмэлт зээл авах хэлэлцээрийг яаралтай горимоор соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Ирэх хаврын чуулганд энэ тогтоолын төслийн тайланг танилцуулах удирдамжтай байсан ч цаг үеийн шалтгаанаар шуурхай боловсруулсан” гэсэн юм.
Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн зардлын хяналтыг сайжруулах зорилгоор монгол мэргэжилтнүүдээс бүрдсэн баг томилж, БНЭУ болон бусад улсад хэрэгжүүлж буй зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажилтай танилцан, хяналт тавьж оролцуулах, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх хугацаанд УИХ-д танилцуулж, дүгнэлт гарган, бүтээн байгуулалтын ажилд улсын төсвөөс нэмж санхүүжилт гаргахгүй. Мөн дотоод, гадаадаас зээл авахгүйгээр 2028 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, үйлдвэр барих ажлын төлөвлөгөөг жил бүрээр баталж, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, зээлийн зарцуулалтад байнгын хяналт, үнэлгээ хийж, тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх хугацаанд УИХ-д танилцуулах, биелэлт хангалтгүй тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардагдах дотоодын түүхий тосооp бүрэн хангах бодлогыг хэрэгжүүлэх”-ийг үүрэг болгожээ. Түүнчлэн төслийн 2020-2024 оны бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэлийн аудит оруулж, дүнг УИХ-д тайлагнах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна. Тогтоолын төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, энэ талаар холбогдох байнгын хороонд, ирэх хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг үүрэг болгосон аж.
М.Гэгээ