“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр товлоод байсан боловч хойшлууллаа. Шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Түмэннаст, Э.Чингис, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүн хэлэлцэж эхлэх үед шүүгчдэгч, Нийслэлийн тээврийн газрын улсын байцаагч О.Сүхбаатарын өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хурал давхацсан, Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүй хэмээн хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээн авч хоёрдугаар сарын 24-ний 10.00 цагт товлосон бөгөөд дараагийн удаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлт хүлээн авахгүй гэдгээ анхааруулсан байна. УИХ-ын гишүүн, “Түгжрэл”-ийн сайд асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг тэргүүтэй 24 хүнд холбогдох эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 11-нд хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаас яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг дэнслэхээр болсноос хойш ийнхүү найм дахь удаагаа хойшлуулж байна.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн 600 автобус худалдан авахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ тендерийг “маш нууц” ангилалд оруулж “Тэнүүн-Огоо” ХХК-ийг шалгаруулан эдийн засгийн давуу байдал хууль бусаар бий болгосон, улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Баум зэрэг 24 хүн холбогдсон юм. БНСУ-ын “Дэү” компаниас Вьетнамд угсарч будсан хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан дээрх албан тушаалтнуудад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 17.3-2.2-ын их хэмжээний эд хөрөнгө залилсан, 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан билээ.
Г.Орчлон