Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай Боловсролын сайдын 2024 оны тушаалын хэрэгжилт ямар байгаа талаар салбарын яамнаас мэдээлсэн юм. Боловсролын ерөнхий газраас аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүдэд чиглэл хүргүүлэн долоо хоног бүр шуурхай хуралд танилцуулж буй аж. Үүний хүрээнд бүх шатны боловсролын сургалтын байгууллагууд сургуулийн дүрэм, дотоод журамдаа өөрчлөлт оруулж, тушаалыг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Тодруулбал, ерөнхий боловсролын 624 сургууль өөрсдийн цахим хуудсанд 12 төрлийн постер, 25 удаагийн богино бичлэг болон уг тушаалын талаарх мэдээллийг байршуулжээ. Мөн урлаг, спортын сургуулиуд манлайлж “Тамхи татдаггүй тамирчин” аяныг өрнүүлсэн гэнэ. Түүнчлэн сурагчдад электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар ойлголт, мэдээлэл, сургалт, нөлөөллийн арга хэмжээг насны онцлогт тохируулан холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сургуулийн захиргаа зохион байгуулах үүрэг хүлээжээ.
Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчлан уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагаас дэмжлэг авч буй аж. НЭМҮТ-ийн 2019 онд хийсэн судалгаагаар утаат тамхи татдаг хэмээн мэдүүлсэн сурагчдын 82 хувь нь тамхийг дэлгүүр, супермаркет, ТҮЦ-ээс худалдан авчээ. Тэдний 40.7 хувьд нь худалдагчийн зүгээс ямар нэг насны хязгаар тавиагүй гэнэ. Сурагчдын 42.9 хувь нь гэртээ, 52.3 хувь нь олон нийтийн газар дам тамхидалтад байнга өртөж байна. Тамхи татаж байгаа гэх 10 сурагч тутмын ес нь сүүлийн 12 сард тамхинаас гарах оролдлого хийжээ. Мөн дээрх төвөөс 2023 онд өсвөр үеийнхний тамхины хэрэглээг судлахад тэдний 13.1 хувь нь тамхи татаж үзсэн гэжээ. Энэ нь өмнөх судалгааны дүнгээс хоёр дахин буурсан сайн талтай байгаа боловч “Дэлхийн залуучуудын тамхины хэрэглээ-2019” Монгол Улсад хийгдсэн судалгааны дүн (7.5 хувь)-тэй харьцуулахад 5.6 хувиар их гарсан үзүүлэлт юм.
Ч.Болор