Миланович 2024 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэв. Тэрбээр сонгуулийн эхний шатанд олонхын санал авч чадалгүй 49 хувийн дэмжлэг хүлээсэн. Гэсэн ч энэ оны нэгдүгээр сард хоёрдугаар шатанд өрсөлдөж сонгогчдын 74.69 хувийн саналаар Хорватын Ерөнхийлөгч боллоо. 1991 онд тус улс өрх тусгаарласнаас хойш Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан үзүүлэлт нь энэ аж.
2020 оны хоёрдугаар сарын 24-нд Имотски хотод болсон их наадмын үеэр хүүхэд тэвэрсэн ижил хүйст хоёрыг дүрсэлсэн чихмэл шатаасныг Миланович ихэд буруушааж, уг үйлдлийг “хүмүүн бусын, эвлэрэх боломжгүй” хэмээн үзсэн юм. Улмаар уг арга хэмжээг зохион байгуулагчдыг уучлалт хүсэхийг шаардаж, бусдыг үзэн ядах нь цаашдаа Хорватын уламжлал байх ёсгүй гэж мэдэгдсэн байна. Орос, Украины хямрал шинээр шатлан өргөжиж эхэлж байхад Украинд хийсэн Ерөнхий сайд Андрей Пленковичийн айлчлалыг тэр бас шүүмжилж байв. Украины 15 мянган цэргийг Европт сургалтад хамруулах санаачилгыг дэмжихгүй байгаагаа 2022 оны аравдугаар сард мэдэгдсэн нь өөрийн улсыг энэ ажиллагаанд татан оруулахыг хүсээгүйтэй нь холбоотой аж. “Энэ ажиллагаа дайнд хүргэнэ” гэж тэр хэлсэн байдаг.
“Украин дахь дайнд НАТО татагдаж орлоо. НАТО, Вашингтон хоёр Украины тусламжтайгаар Оростой дайн хийж байна” гэж Хорватын Ерөнхийлөгч мэдэгдсэн удаатай. Москвагийн эсрэг хориг тавьсныг утгагүй ажиллагаа гэж үзээд, “Путинийг зайлуулах төлөвлөгөө байж болохгүй. Хориг тавиад бид юунд ч хүрэхгүй. Хоригоор Милошевичийг ч зогсоож чадаагүй шүү дээ” гэж мэдэгдэж байжээ. 2023 оны зургаадугаар сард “Украины алдар бадраг” гэх уриа Германы “Зиг хайль” юм уу, Хорватын үндсэрхэг үзэлтнүүдийн “Эх орныхоо төлөө-бэлэн” гэдгээс төдийлөн ялгарахгүй” гэж хэлээд Зоран Миланович Европын Холбооны улс төрчдийн шүүмжлэлийн бай болж байв.
Оростой хийж буй Украины дайныг Өрнөд дэмжиж байгааг Миланович шүүмжилдэг. Түүнчлэн консерватив үзэлт Ерөнхий сайд Андрей Пленкович, түүний Засгийн газрыг тэрбээр эрс эсэргүүцдэг. Саяны сонгуулийн дүнг дуулгасны дараа Миланович хэлэхдээ “Энэ ялалт бол сонгогчдын зүгээс дэмжиж, итгэж буйн тэмдэг, улс орны ажил хэргийн талаарх элч зарлага юм. Түүнийг сонсохыг Засгийн газраас хүсэж байна” гэсэн аж.
Зоран Миланович Хорватын хамгийн нэрд гарсан улс төрч. Улс төрийн өрсөлдөгчдөдөө нэлээд эрс ширүүн ханддаг арга барилаар нь АНУ-ын саяхан сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамптай жиших нь бий. Дөрвөн сая шахам хүнтэй Хорват улс өсөн нэмэгдэж буй инфляц, авлига, ажиллах хүчний дутагдал зэрэгтэй тэмцэл хийж буй үед энэ сонгууль тохиов. Сонгуулийн санал авах хэсэгт Миланович “олон талаар ардчилсан биш”, сонгуулиар гарч ирээгүй хүмүүсээр удирдуулсан Европын Холбоог дахин шүүмжлэв. “Та надтай санал нийлэхгүй байгаа бол миний дайсан” гэсэн байр сууриар ханддаг Европт ажиллаж, амьдрахыг хүсэхгүй байна. Тиймээс үүнийг өөрчлөхийн төлөө жижиг улсын Ерөнхийлөгчийн чадах бүхнийг хийх болно” гэж хэлжээ.
Милановичид байнга шүүмжлүүлдэг Ерөнхий сайд Андрей Пленкович түүнийг Оросын чиг баримжаатай гэдэг аж. Бас Хорватын олон улсын байр байдалд аюул заналхийлүүлсэн улс төрч гэж үздэг. Өөрийгөө ийм байр суурьтай гэдгийг Миланович үгүйсгэдэг ч “Украины аюулгүй байдлыг хангахад тусалж, сургалтад хамрагдах” нэрээр Герман руу Хорватаас таван офицер явуулахыг Миланович зөвшөөрөөгүй гэнэ. НАТО-гийн ямар ч далбаан дор Украин руу Хорватаас цэрэг явуулахыг огт зөвшөөрөхгүй гэж бүр амласан байна.
Зоран Миланович 2025 оны нэгдүгээр сарын 12-нд Хорватын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Тэрбээр 2020 оноос Хорватын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Саяны сонгуулийн сурталчилгааны үед Европоос Украин руу цэрэг илгээхийг Миланович эсэргүүцжээ. Сонгуулийн хоёрдугаар шатанд Боловсролын сайд байсан, Өрнөдийн талын бодлого баримталдаг Драган Приморац өрсөлджээ. Миланович 2020 онд Ерөнхийлөгч болохоосоо өмнө Социал-демократ намыг тэргүүлж байж.
Тэрбээр 1966 онд Загреб хотод төржээ. Зүүн төвийн үзэлтэй, 2011-2016 онд Хорватын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Загребийн их сургуулийг онц дүнтэй төгсөж хуульч мэргэжилтэй болсон байна. 1998 онд Брюсселийн их сургуулийг төгсөж Европын олон улсын эрхийн салбарын мэргэжилтэн болов. Орос, англи, франц, герман хэлтэй. Хуульч болоод Загребийн нэгэн шүүхэд ажиллаж байгаад 1993 онд Гадаад хэргийн яаманд очив. Энд ирээдүйд улс төрийн өрсөлдөгч нь болсон, Ерөнхий сайдаар ч ажилласан, авлигын хэргээр 10 жилийн ял сонсож, шоронд ч сууж байсан Иво Сандерийн удирдлагад ажиллах болжээ. Нэг жилийн дараа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шугамаар Уулын Карабахад ажиллахаар явав. 1996 онд Европын Холбоо хийгээд НАТО-гийн дэргэдэх Хорватын төлөөлөгчийн газарт зөвлөх боллоо. Энд байхдаа аспирантур төгсөж, 1999 онд Гадаад хэргийн яамандаа буцан иржээ.
Чухам энэ үеэс түүний улс төрийн шатаар өгсөх зам нь эхэлсэн аж. Хорватын коммунистуудын холбоо гэх байгууллагын сууринд 1990 онд үүсэн бий болсон Социал-демократ намд элсэв. 2000 оны сонгуульд тус нам ялж, Миланович Гадаад хэргийн яамыг НАТО-той холбох ажил эрхлэх болжээ. Гурван жилийн дараа Гадаад хэргийн сайд Тонино Пицулын туслах болов. 2003 онд сонгуульд нам нь ялагдсанаар энэ ажлыг орхисон байна. 2004 онд намынхаа Төв хороонд орж, хоёр жил болоод хэсэг хугацаанд хэвлэлийн нарийн бичгийн даргаар нь ажиллав. 2007 оны зургаадугаар сард болсон ээлжит бус Х их хурлаар Социал-демократ намын даргаар сонгогдлоо. Энэ намын нэр хүнд эрс өсөж, 2007 оны парламентын сонгуульд ялалт байгуулна гэж үзэж байсан. Гэвч Милановичийн улс төрийн туршлага дутаж нам нь ялагдаж, томоохон сөрөг хүчин болов. 2011 оны наймдугаар сард Миланович эвсэл байгуулж, түүнд нь Хорватын ардын нам, Истрийн ардчилсан ассамблей, Тэтгэврийнхний нам ч нэгджээ. 2011 онд тус эвсэл парламентын ээлжит сонгуулиар олонх боллоо. 2019 онд Миланович Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, хоёрдугаар шатанд нь ялж Төрийн тэргүүнээр сонгогдсон байна. Ийнхүү Хорват тусгаар тогтносноос хойш тав дахь Ерөнхийлөгч нь болж, 2020 оны хоёрдугаар сарын 18-наас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлжээ.
Улс төрөөс Миланович түр хөндийрч, бизнест хөл тавьж “Euro аlba” гэдэг компани ажиллуулж үзсэн байна. 2017 онд Албанийн Ерөнхий сайд Эди Рамын зөвлөхөөр ч бас ажиллаж байжээ.
Миланович 1994 онд гэрлэсэн. Гэргийг нь Саня Мусич гэдэг. Тэд хоёр хүүхэдтэй.