Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, шинэ Үндсэн хуулийн анхны эхийг баталгаажуулагч, хуульт ёс, эрх зүйт төрийг хөгжүүлэгч Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-нд 83 насандаа өвчний улмаас таалал төгслөө.
“Анхны Ерөнхийлөгч П.Очирбат нь 1942 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын найм, арван жилийн 14 дүгээр дунд сургуульд суралцан, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн болж, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байв. П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний сайд, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн сайдын албыг хашсан бөгөөд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, 1992 оны хоёрдугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос 1997 оны зургаадугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн болон Дэлхийн уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат таны Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг монголчууд бид үеийн үед хүндэтгэн дурсах болно” гэж Төрийн тэргүүн У.Хүрэлсүх эмгэнэлдээ онцлов.
П.Очирбат нь Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, улс төрийн түгээмэл ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалын салаа мөчрүүдийг төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол, зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Түүний эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан гавьяа зүтгэлийг үнэлж 1972 онд Алтан гадас, 2005 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон, 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” сэдэвт долоон боть хамтын бүтээлд нь Төрийн шагнал тус тус хүртээсэн юм. Тэрбээр мөн ЗСБНХУ-ын хүндэт уурхайчин, Зөвлөлтийн “Уурхайчны алдар” I, II, III зэргийн одон, Эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгарын хөдөлмөрийн гавьяаны одон, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар” одон болон бусад шагнал хүртэж байжээ.
М.Гэгээ