Холбоодын нэгдсэн УАШТ 11 дэх өдрөө үргэлжилж байна. Кэндогийн 20 дахь удаагийн тэмцээнд оролцсон эрэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд “Шинки” клубийн тамирчин Э.Билгүүн бүх өрсөлдөгчөө цаг дуусахаас өмнө ялж түрүүллээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлсэн нь энэ. Тэрбээр өмнө нь 2019 онд хүрэл медаль хүртэж, амжилтынхаа гарааг эхлүүлж байв. Түүнтэй аваргын төлөө өрсөлдсөн тус клубийн А.Нямжав дэд байрт шалгарсан юм. Тэрбээр өнгөрсөн жил мөн үзүүрлэсэн билээ. Хүрэл медаль хүртсэн Б.Алтангэрэлийн хувьд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа шагналын тавцанд зогсож байна.
Тэгвэл буудлагын хийн гар бууны төрөлд онч сорьсон тамирчдаас ОУХМ Э.Даваахүү урьдчилсан шатанд 588 оноо авч, улсын дээд амжилтыг давтсан. Улмаар финалд 239.5 оноо авч, тэргүүн байр эзэллээ. Харин Э.Бадамгарав удаалж зургаа дахь мөнгөн медалиа зүүв. Залуу тамирчдаас Б.Мөнхбаяр гуравт жагсжээ. Эмэгтэйчүүдээс 10 метрийн төрөлд 29 тамирчин өрсөлдөж, найм нь финалд шалгарсан. Тэднээс ОУХМ Т.Баярцэцэг 232 оноогоор тэргүүлж, энэ жил амжилтаа ахиулав. Тэргүүн байрын төлөө цөөнгүй шалгарсан Ц.Анударь, Г.Хэрлэнцэцэг нар II, III байрт оржээ.