Манай орны нийт нутгийн 60 орчим хувьд нь одоогоор цасан бүрхүүл тогтоод буй аж. Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэр сумд дунджаар 22-35 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Хунгарласан зарим газарт цасны зузаан 50 см-т хүрээд байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Цас их орсны улмаас зарим газарт цагаан зуд нүүрлэснийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхний гаргасан зудын эрсдэлийн зургаас харж болохоор байна. Тухайлбал, өдгөө зургаан аймгийн 23 сум цагаан зудтай гэнэ. Үүнд Баян-Өлгийн Сагсай, Увсын Ховд, Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Хяргас, Тариалан, Улаангом, Наранбулаг, Ховдын Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр сумын нутаг багтаж байна.
Цаашид цас нэмэгдэн орж, хүйтний эрч чангарсан тохиолдолд 12 аймгийн 37 сум зудад өртөх өндөр эрсдэлтэй гэнэ. Завханы ес, Ховдын найм, Увсын зургаа, Баян-Өлгий, Баянхонгорын тус бүр гурав, Говь-Алтайн хоёр, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Дорнодын нэг сумын нутаг цагаан зудад өртөх эрсдэлтэй юм байна. Сибирийн хүйтэн агаарын урсгалын нөлөөгөөр маргаашаас баруун, нөгөөдрөөс нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, цас орж, шууран орон нутгийн зам, даваануудад үзэгдэх орчин хязгаарлагдахыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлжээ
Ташрамд дурдахад, сурагчдын амралт дуусаж, 2024-2025 оны хичээлийн жилийн II улирал энэ сарын 27-нд эхлэх үеэр нийт нутгаар хүйтний эрч одоогийнхоос чангарсан байх тул хүүхдүүддээ дулаан хувцас өмсгөх, ханиад, томуунаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулжээ.
М.Оч