АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх санал гаргаж, прокурорын хяналтад хүргүүлжээ. Мөн эрүүгийн зургаан хэргийн холбогдогчдын хамаарал бүхий нийт 15 объектод нэгжлэг хийсэн байна. Шүүхэд шилжүүлэхээр болсон долоон хэргийн нэг нь нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох үйлдэл аж. Тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар тэрбээр ажиллахдаа оролцогч “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагад 10 сая төгрөг өгвөл компанийг нь шалгаруулна, үгүй бол хаслаа гэх байдлаар хясан боогдуулж хахууль нэхсэн аж. Түүгээр ч зогсохгүй нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Батцэцэг гэдэг хүнээр дамжуулж авчирч өгөхийг шаардсан хэрэгт холбогдсон байна.