УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдлаа. Хурлаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шалган судлах, холбогдох санал дүгнэлт, шийдвэрийн төсөл гаргах үүрэг бүхий Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Мөн Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх мэдээллийг сонсож, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Уг төсөлд нийслэлийн хэмжээнд хотуудыг соёл, боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж, 193 мянган ажлын байр шинээр бий болгох төдийгүй амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд тогтвортой, идэвхтэй, дасан зохицох, цогц хүртээмжтэй байхад чиглэсэн нийт 31 зорилт 111 дэд зорилт бүхий арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт “20 минутын хот” үзэл баримтлалаар улсын зэрэглэлтэй хоёр, орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул дөрвөн хотыг төлөвлөн хөгжүүлж, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, Налуу ухаа эдийн засгийн тусгай бүс, Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк “Эмээлт” эко үйлдвэрийн паркийг байгуулахаар тусгасан байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэн, Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шар хад, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Яармаг дэд төвийн бүтээн байгуулалтыг хийж, хотын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, 42 хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гэнэ. Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан олон улсын чанартай шинэ тойрог болон Туулын хурдны авто зам, “Говь Монголиа” ган татлагат гүүрний төсөл, их багтаамжийн метро, хөнгөн галт тэрэг, дүүжин тээвэр зэрэг олон төрөлт нийтийн тээврийн шугам сүлжээ байгуулах мега төслүүдийг бодит ажил болгохоор төлөвлөсөн байна.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсангүй.
Ч.Болор