ХVII зууны Монгол Улсын түүхэнд гарч ирсэн, Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтний нэг нь олон түмэнд Өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Түүний уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн зургаан жилийн турш малтан судлахдаа ХVII зуунд Монголын бурхан шашны хөгжил ямар түвшинд байсныг илэрхийлэх цөөнгүй олдвор илрүүлсэн байдаг. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иштэй ярилцлаа. Тэрбээр “Сарьдагийн хийдийн тууриас олдсон шавар бурхдын дүрслэл, илэрхийллийн судалгаа” сэдвээр саяхан урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
-Сарьдагийн хийдийн тууриас олдсон шавар бурхдын дүрслэл, илэрхийллийн судалгааны гол зорилго, ач холбогдол нь юу байв?
-Сарьдагийн хийд нь Өндөр гэгээн Занабазарын томоохон бүтээн байгуулалтуудын нэг. Тус хийдийг байгуулахад олон жил зарцуулсан ч ашиглалтад оруулснаас хойш төд удалгүй халх, ойрадуудын дайны үед Галдан бошготын цэргийн хөлд сүйтгэгдэж, улмаар дахин сэргээлгүй орхигдсон түүхтэй. Тиймээс энэ хийдийн тухай Өндөр гэгээн Занабазарын намтарт тэмдэглэсэн багахан мэдээллээс өөр зүйл бараг л байхгүй гэж болно. Саяхныг хүртэл нууцлагдмал байсан гэсэн үг. Харин академич С.Чулуун ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа “XVII зууны Монголын хотууд” төслийн хүрээнд 2013-2017 болон 2020 онд үндэсний экспедицийг байгуулж, өргөн цар хүрээтэй археологийн малтлага судалгаа хийсэн юм. Улмаар бид уг хийдийн нууцад нэвтэрч, цаашлаад Өндөр гэгээн Занабазар судлалд хамаарах олон асуудлыг эрдэм шинжилгээний үүднээс шинээр тайлбарлах боломж бүрдсэн. Ер нь би Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлүүдийг түлхүү анхаарч, судлахыг зорьдог юм. Уг хийдийн малтлага судалгааны ажилд гар бие оролцох болсон нь миний хувьд маш том боломж байлаа. Сарьдагийн хийдээс Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлд холбогдох урлалын шинэ төрөл зүйлийг нээн илрүүлсэн нь энэ судалгааны үндсэн судлагдахуун болсон. Ингэхдээ тухайн бурхдын нэр, төрлийг тогтоох, том болон дунд хэмжээтэй бурхдын анхны хэмжээсийг тооцоолох, улмаар Өндөр гэгээн Занабазарын урлалд хамаатуулан үзэх боломжтой, эсэхийг голчлон судаллаа.
-Энэхүү хийд хамгийн саад бэрхшээлтэй газар нутагт буюу автомашин явах боломжгүй ой тайгад оршдог гэх юм билээ.
-Хан Хэнтийн дархан цаазат газарт оршдог. Хэнтийн нурууны үзэсгэлэнт аглаг уулсын дунд байрладаг учраас ой модоор элбэг, намаг ихтэй газар байрладаг гэсэн үг. Өмнө нь автомашин, техник хүрч байгаагүй болохоор эхний хоёр жилийн малтлага судалгаа хийсэн хээрийн шинжилгээний ангийнхан мориор очдог байв. Харин сүүлийн жилүүдэд нь бид цэргийн ангийн автомашины тусламжтай ажилладаг болсон. Гэхдээ л ирж, очиход нэлээд хүндрэлтэй хэвээрээ.
-Занабазар яагаад уг хийдийг байгуулах болсныг тогтоосон болов уу?
-Халхын бурхны шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар Чингис хааны удам, түшээт хан Гомбодоржийн хүү болон 1635 онд мэндэлсэн гэдэг. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг таван настайд нь түшээт хан Гомбодорж, сэцэн хан Шолой тэргүүтэй халхын хан, ноёд Ширээт цагаан нуурт чуулж, халх Монголын бурхны шашны тэргүүнд өргөмжилсөн. Дараа нь 1640 онд Далай ламаас Жибзундарнатын хувилгаанаар тодруулсан түүхтэй. Тэрбээр Монгол оронд бурхны шашныг дэлгэрүүлж, хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Үүгээр зогсохгүй төр, нийгмийн үйл хэрэгт ч татагдан орж, идэвхтэй зүтгэж байсан соён гэгээрүүлэгч, суу билигтэн, их сэтгэгч, аугаа уран бүтээлч юм. Өндөр гэгээн Занабазар бол монголчуудын оюун санааны эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж хэлнэ. Түүний авьяас билиг, уран чадвар, сэтгэлгээний үр шим Монголын болоод хүн төрөлхтний оюун санааны өвд үлэмж хувь нэмэр оруулсан.
-Та Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийг барьж байгуулах ажил олон жил үргэлжилсэн ч тун удалгүй халх, ойрадуудын дайнд өртөн сүйдсэн гэлээ. Хийд ямар бүтэц, зохион байгуулалттай байсан бол?
-Тус хийдийн талаар Зая бандид Лувсанпринлай нэлээд үнэ цэнтэй мэдээ тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрбээр Өндөр гэгээн Занабазарын шавь нарын нэг бөгөөд тус хийдийг барьж байгуулах үед өөрийн биеэр очиж үзсэн. Түүний өгүүлснээр “Хэнтий хаан гэдэг газар Рибогэжалин хэмээх хийдийг модон морин жил буюу 1654 онд байгуулж, дараа нь 1680 он гэхэд хийдийн гаднах хэсгийг барьж дуусгаад бурхан шүтээнийг нь бүтээх ажил эхэлсэн. Бурхан шүтээнийг бүтээх ажил гал барс жил буюу 1686 оны зун дууссанаар лам нар равнай өргөх үйл явдал болсон” гэдэг. Тэгэхээр Сарьдагийн хийд нь 32 жилийн турш барьсан нүсэр том бүтээн байгуулалт болохыг үүгээр нотолж байгаа юм. Бас археологийн судалгаа ч нотлон харуулдаг. Тус хийд нь гадуураа чулуун хэрмээр хүрээлэгдсэн есөн барилга, гурван суваргаас бүрдэнэ. Барилгын хана, туурга зэргийг байгалийн том боржин чулууг дөрвөлжлөн засаж давхарлан өрөөд, хооронд нь нимгэн хавтгай чулуугаар 2-4 үе чигжиж, чимэглэх зориулалттай өрлөг хийсэн байдаг. Мөн гадуур нь шохойдож, өнгөлснийг судалгааны явцад тогтоосон. Харамсалтай нь, ашиглалтад оруулснаас нь хойш ердөө хоёрхон жилийн дараа буюу 1688 онд Галдан бошготын цэргүүд бүхэлд нь эвдлэн сүйдэлснээр ахиж сэргээлгүй орхигдсон гэдэг. Үүнийг хожим нь нутгийн иргэд Сарьдагийн хийд хэмээн нэрлэх болсон.
-Малтлага судалгааны үр дүнд Өндөр гэгээн Занабазар нь зөвхөн хөөмөл урлалын төлөөлөгч бус, шавар урлалын сонгодог бүтээлүүд туурвисныг нотлох олон тооны бурхан олжээ. Та тэдгээр шавар бурхныг голлон судалсан байх аа?
-Малтлага судалгааны явцад тус хийдийн гол сүмийн хойд тасалгаанаас маш томоос эхлээд өчүүхэн жижиг хүртэл шавар бурхад олдсон. Хэмжээгээр нь ерөнхийдөө зургаан төрөлд ангилж болохуйц бурхдын баримлыг олноор илрүүллээ. Тухайлбал, сүмийн хойморт маш том хэмжээтэй гурван ширхэг, суугаа дүрээр орших бурхан байж. Мөн тэдгээрийн урд буюу тасалгааны баруун, зүүн ханын дагуу том хэмжээтэй босоо дүрээр орших 12 бурхны суурь, 3000 гаруй язгуурын таван бурхан илрүүлсэн. Бас жижиг дармал шавар бурхдын баримал ч бий. Гэхдээ харьцангуй овор ихтэй буюу том болон дунд хэмжээтэй бурхдын баримлууд бүхэлдээ бутарч сүйдсэн байв. Харин жижиг хэмжээтэй баримлуудын цөөн хэсэг нь бүрэн бүтэн хадгалагдан үлджээ. Уг хийдээс ийм олон бурхны баримал олдсоноор өмнө нь энд шавар урлалын томоохон үйлдвэрлэл эрхэлдэг байсныг нотолж буй юм. Эдгээр нь Хархорум хотын Их сүмийн бүтээн байгуулалтын дараа орохуйц үнэ цэнэтэй олдвор. Түүнчлэн энэхүү хийдийн тууриас илрүүлсэн олдворуудын дотроос бүтнээрээ олдсон язгуурын таван бурхны нэг буюу тус бүтээгчийн баримлыг Өндөр гэгээн Занабазарын мутрын урлалын хүрэл барималтай хэмжээсний хувьд харьцуулан судалсан. Ингэхэд түүний мутрын урлалд шууд хамаатуулан үзэх боломжтой гэсэн үр дүнд гарав. Энэ нь Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн төрөл зүйлд шавар урлал ч хамаарч байсныг илтгэнэ.
-Уг хийдээс ойролцоогоор хэд орчим шавар бурхан олдсон бэ?
-Хамгийн түрүүнд шавар бурхдын дүрийг тодорхойлсон. Ингэхдээ тухайн бурхдын хагархай хэсгүүдэд нь тулгуурлан буддын шашны хувь хэмжээний онол, урлаг судлалын судалгааны арга зүйд үндэслэн тогтоосон юм. Уг хийдийн гол сүмийн хойд тасалгаанд гурван цагийн бурхныг 4.97 метрийн өндөртэй, суугаа дүрээр бүтээсэн байв. Мөн өнгөрснийг Дивангар, одоог Бурхан багш, ирээдүй цагийг Майдар бурхнаар тус тус төлөөлүүлэн бүтээжээ. Харин эдгээрийн урд талд баруун, зүүн ханын дагуу төгс жаргалангийн лагшин дүр бүхий 3.96 метрийн өндөр, босоо найман бодисадва бий. Түүнчлэн дээрх бурхдаас арай жижиг хэмжээтэй бурхан багшийн хоёр шавь, ялимгүй хилэнт сахиус бурхныг ч илрүүллээ. Бас жижиг хэмжээтэй 3000 орчим язгуурын тав буюу Цаглашгүй гэрэлт, Тус бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч, Үл хөдлөгч, Эрдэнэ үүсгэгч бурхныг хана дагуулан байрлуулсан байжээ.
-Эдгээр бурхдын хэв маяг, ур хийц нь Занабазарын мутрын бүтээлүүдтэй тохирч буй, эсэхийг судалсан байх аа?
-Шавар бурхдын хагархай хэсгүүд болон бүтэн баримлуудын дүрслэлийг судлахад бурхдын тиг хэмжээ, 32 бэлгэ, 80 найраг шинжийг дээд зэргээр баримталсан болох нь тогтоогдож байна. Мөн хэв маяг, ур хийц нь Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдтэй тохирч буйг тодорхой баримтуудаар нотолсон. Шавар бурхдыг урласан арга технологийг авч үзвэл хэмжээнээсээ шалтгаалаад харилцан адилгүй юм билээ. Тухайлбал, хэвээр болон шууд барьж бүтээх аргыг голчлон ашигласан байдаг. Түүнчлэн уг хийд нь Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлээ туурвиж байсан гол газруудын нэг бөгөөд хүрэл цутгуурын алдарт баримлуудаа ч энд туурвисан болохыг бичгийн сурвалж болон археологийн малтлага судалгааны үр дүнд тулгуурлан тогтоолоо.
-Бурхны дүрийг ихэвчлэн алт, мөнгө, үнэт эрдэнээр бүтээдэг шүү дээ. Харин шавраар хийдгийн гол шалтгаан нь юу бол?
-Буддын шашны ёсонд шавраар бурхан шүтээн урлах нь нэлээд түгээмэл. Бас их эрхэм үйлд тооцогддог. Бурхан болон сац зэргийг эмт шавраар бүтээдгээрээ онцлогтой.
-Эдгээр бурхныг бүтээхдээ шавраа хаанаас олборлож байсан юм бол?
-Аливаа сүм хийдийг байгуулахдаа тухайн газрын байгалийн нөөц бололцоог нь харгалзан үзэж, түүхий эдээ бэлтгэдэг тогтсон уламжлалтай. Сарьдагийн хийдийн орчим их өвөрмөц, сайн чанарын шавартай. Мөн хийдийн хажууханд Хагийн хар хэмээх үзэсгэлэнт нүдэн нуур бий. Тэр нуурын шавраас дээж авч ХБНГУ-ын лабораторид шинжлүүлэхэд Сарьдагийн хийдийн тууриас илрүүлсэн шавар бурхдын найрлагатай ижил бүтэцтэй болох нь тогтоогдсон. Тэгэхээр эдгээр бурхны баримлыг бүтээсэн шаврыг тухайн газраасаа олборлосон гэж ойлгож болно.
-Өндөр гэгээн Занабазар нь урлахуйн ухааны үндсэн үзэл баримтлал, онол сургаалыг чанд баримтлан бүтээлүүдээ туурвидаг байсан гэдэг. Тэгвэл та түүний уран бүтээлийн онцлогийг хэрхэн тодорхойлох вэ?
-Тэрбээр буддын урлахуйн ухааны үндсэн үзэл баримтлал, онол сургаалыг чанд нарийн баримтлан бүтээлээ туурвидаг байсан нь олон баримтаар батлагдаж байгаа. Тухайлбал, Өндөр гэгээн Занабазар мутрын бүтээлүүддээ бурхны тиг хэмжээ, бие лагшны эрхэм сайн шинж болох 32 бэлгэ, 80 найраг шинжийг дээд зэргээр илэрхийлэн үзүүлсэн байдаг. Энэ нь түүний бүтээлүүд хүний бус, бурхны үнэмлэхүй гоо сайхныг дүрсэлдэг хэмээх судлаачдын байр суурийг дэмжих үндэслэл болдог юм. Түүнчлэн ур хийцийн хувьд өөрийн гэсэн өнгө аястай, дүр, дүрслэл, хээ чимэглэлийн элемент ашиглахын зэрэгцээ бурхдын нүүр царайг монгол угсаатан төрхтэй дүрсэлсэн нь түүний уран бүтээлийн чухал онцлог шинжид тооцогдоно. Нөгөөтээгүүр, ур хийцийн хувьд өндөр түвшинд хүрсэн түүний мутрын бүтээлүүд нь өөр бусад орны хэв загвараас ангид. Ер нь монгол хэв загварыг үндэслэн бий болгосон гэж хэлнэ. Түүний урлал бүтээл Монголын буддын урлагт гүн гүнзгий ул мөрөө үлдээж, монгол урчуудын даган дуурайх үндэслэл болсон. Үүнийг нь ч судлаачид дуу нэгтэйгээр Өндөр гэгээн Занабазарын дэг сургууль хэмээн нэрийдэж байна шүү дээ. Энэ дэг сургууль гэгээнтнийг сэрүүн тунгалаг үеэс эхлэн үндэс суурь нь тавигдаж өнөөг хүртэл тасралтгүй уламжлагдсаар байгаа.
-Өдгөө Өндөр гэгээн Занабазар судлал хэр түвшинд хөгжиж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Дотоод, гадаадын олон эрдэмтэн Өндөр гэгээнийг тал бүрээс нь судалж, судалгааны бүтээлүүд хэвлүүлж буй. Зөвхөн Өндөр гэгээн Занабазар судлалаар Монголд төдийгүй олон улсад цөөнгүй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Мөн өнөө жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн тэгш ой тохиож байгаа. Засгийн газар тогтоол, захирамж гарган тэгш ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жишгээр өнөө жил ч ойг тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарч, олон үйл ажиллагаа зохион байгуулна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, олон орны эрдэмтэд Өндөр гэгээн судлалын сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах байх.
У.Цэцэгсүрэн