Энэ удаа сэтгүүлч, яруу найрагч, МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Балдоржийн Алтануягийн бүтээлээс дээжилж байна. Тэрбээр Хэнтий аймагт төржээ. МУИС-ийг утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө “Interview” сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж буй юм. Яруу найраг, өгүүллэг, шүүмж судлал, сэтгүүл зүйн олон бүтээл туурвисан түүнийг шимтэн уншигчид нь андахгүй. Оны шилдэг уран зохиолд олгодог “Алтан өд” шагналыг “Уншихуйд автахуй” шүүмж судлалын номоороо хүртсэн билээ. Тэрбээр “Яруу найраг бол анхнаасаа ямар нэгэн ухаарал, сэтгэлийн дотоод дахь хөг эгшгийг хүмүүст гүн ухааны адилаар номчилж ирсэнгүй. Зөвхөн өөртөө зориулж бичих, сэтгэл дэх олон өнгийн гунигаа юүлэх, зүрхэндээ мэдэрч буйг бичих, уйтан ганцаардлаа усан бороо, цасны гэгээ, навчсын сэрчигнээтэй харьцуулах шиг... Яруу найраг бол үзэл санаа. Яруу найраг үнэн байхдаа хамгийн амттай. Тэндээс олсон бүхэн минь намайг амьдралд улам хайртай, илүү хүнлэг нэгэн болгосон шиг санагддаг” хэмээн “тодорхойлсон” байдаг.
***
Амьдралыг бид тэнцүүхэн туулж яваа
Ай, нэг нь уйлж, нөгөөх нь инээж суугаа.
Ой мод шарлаж, шувуудын дуу ховордохыг
Одоо бол ав адилхан үзэж байгаа.
Айдсыг яг ингэж ижилхэн зүсээд
Алим шиг хазаж, хальсыг нь нулимчихсан бол
Амьдралыг хоёр болгож хуваагаад
Аж төрж суухгүйсэн хоёулаа.
Үгүйд чинь харин цаг хугацаа
Гэнэтийн хагацал шиг хурдалж эхэлсэн
Үгүйрэл, хоосрол, шаналлын мэдрэмж
Өрцөнд үүрлэх чөлөө олдсонгүй.
Тийм л хурдан цаг хугацааны
Тэнхээ мэдэх давхилыг удаашруулахаар
Намаг дагаж бут ургасан дэвсэг уруудаж
Намрын ой хэрхэн амьсгалахыг чагнана.
Амьдралыг бид тэнцүүхэн туулж яваа
Ав адилхан инээж, дуулж суугаа.
Будан татсан сүрлэг ойг үзээд
Бусдыг хайрлах сэтгэлийг олж байгаа.
Дулаахан газар
Хамтдаа бид шидийг үзэх ёстой
Хамгийн дулаахан газар энэ мөн үү?
Хүйтэн усны дуун хайрлах сэтгэл төрүүлж
Хүндхэн уйтгарт дөрлүүлсний хойно
Бодолд торох зүйл нь уулсын манантай хамт
Богинохон нэрний чинь эхний үсэг л байнам.
Одоо хоёулаа юунд яарах вэ, гэм зэмийг угааж
Орсон борооны үнэрээр хуучин зовуурь сэдэрч
Ид шид гэмээр хөнгөхөн гуниг бие дотуур
Эргэж гурав тойрсноо шувуу болоод нисэхийг
Итгэж ядан ширтэж зогсох минь хангалттай.
Хамтдаа бид шидийг үзэх ёстой
Хамгийн дулаахан газар энэ мөн үү?
Ханандаа өлгөсөн Борхесийн зураг, хайртынх нь инээмсэглэл
Хавар гагц тоосыг нь арчиж салхивч нээхэд
Хамт хөтлөлцсөн чигээрээ гадуур гарч
Нойрмог муур, хөгц даасан үнэрээр дүүрэн
Номын сан, буйдхан ноорхой гудмаар
Явах замаа мухарлаж, эгэн ирэхэд нь
Нэгэнтээ бид ч бас хөтлөлцөн зогсож нүдээ аниад
Нээлттэй цонхоор сэвэлзэх салхиар дэмнүүлж агаарт хөвнө.
“Яруу найраг бол гарцаагүй мөргөл” гэж тэр хэлснийг
Яг энэхэн чөлөөнд чи минь дотроо тарни шиг давтана.
Хамтдаа бид инээмсэглэх ёстой
Хамгийн дулаахан газар энэ мөн үү?
Хэнхдэг дотроо хүн оршоох нь
Хэвлийдээ үр тээхтэй ижилхэн болохыг,
Орчлонг ондоо гаргаар сэтгэж сурсан
Одоо чи сүнсний минь нөгөө тал болсныг,
Үхлийн харанхуйгаас татаж гаргасан
Үнсэлтийн чинь ором арилахгүй гэдгийг
Үйрмэг зүрхийг сорвигүй нийтгэсэн
Үнэр чинь хүртэл үүрд дарагдахгүйг
Анзаарч мэдээд инээмсэглэж зогсоо
Амьдрал минь надад яг одоо гараа өгөөрэй.
Зүрхэн дотроо ч залбирах шидтэй
Зүүдний гүнээс шүлэг л хайрлаарай.
Жамын асуулт
Амьдралдаа дөрвөн шарга адууны нас элээх болов уу?
Аав минь ингэж хэлчхээд хэсэгтээ чимээгүй болдог сон.
Жангар дуулалдсан залуус саахалтын зайнаас сонсогдохуй
Жамын асуултаар элгээ шөвөгдөж суугаа аавыгаа өрөвдөнө.
Уяатай хүлэг аяархан үүрсэхүй
Учирласан үгээр аргадаж байх шиг бодол сэтгүүрдэнэ.
Удахгүй цас унах нь дээ гэж аав хэлээд
Урт гаансаа түрийлээд өндийнө.
Амьдралдаа дөрвөн шарга адууны нас элээх болов уу?
Аав минь удахгүй өнхрөөд өгөх шиг цээж хөндүүрлэнэ.
Гөрмөл сураар ороолгож, гөлөмцуу хаалга татахад нь
Гэмтэн шиг харцаар цоргидог өөрөөсөө ичнэ.
Удаагүй дээ, аав минь өнхрөөд унасан
Уурганы хуйв агтны толгой онохоо больсон.
Тэрлэгийг нь ээж надад өмсүүлэхэд яв цав таараад
Тэгээд л би том хүн болчихсон.
Хунтын нуурын эрэг рүү хэдэн шарга адуу
Хул шаргал наран дор ус руу яаран цувж байна.
Аавтай цуг дуран сунгадаг толгод дээр
Айлын хүүхдүүд чулуун хөшөө босгожээ.
Хүсэл
Өглөө бүр охиныхоо үсийг самнах нь
Сайхан шүлэг унших, сайн шүлэг бичих шиг
Баяр төрүүлнэ.
Энэ жаахан гар нь үзэг барина.
Шүлэг бичих, үгүйг мэдэхгүй.
Шүлэг бичээсэй гэж хүсэхгүй.
Хүний сүнсийг олж төрсөн хувь заяанд
Хүсэж болмоор хамгийн сайхан ажил ч гэлээ
Хүсэх, зорих нь гагц түүний мэдлийнх.
Тэнтэр тунтар хийсээр хөлд орохдоо
Хачин их баярлаж билээ, охин минь.
Тэгэхэд мишээлд нь гэрэлтсэн аз жаргал л
Туждаа бүү арилаасай гэж хүснэ.
Амьдралд зөнгөөр бүдчиж явсан
Аав нь ч бас тэр баяр хөөртэй цуг хөлд орсон.
Алдаанаас үүдсэн гэмшил ард нь зовоосон хоногуудад
Аврал болсон инээмсэглэл л бүү арилаасай.
Сүнсний нөгөө тал
Ор тас мартагдсан бүхнийг
Орой дэлгүүрээс авдаг байлаа.
Гялгар торонд багласан дурсамжтай
Гартаа нэг, нэг цөхрөл атгаж явлаа.
Орцны хаалга хүрэн алдахдаа
Эрсхэн алхах зориггүй гуйвж хоцорлоо.
Эмгэг зүрхний хөндүүр сэдрэхэд
Эргүүлж цавуудахаас дур гутлаа.
Угз татсан хаалганы дуу
Уйтгар үлдээгээд тасар савагдлаа.
Узуураас дөтөлсөн чиний үгс
Улаанбаатарын тэнгэрт утаа шиг замхарлаа.
Өрөөсөн гартаа атгасан цөхрөл
Тэлчлэн үгүйлэх чөлөөгөөр дүүрлээ.
Өндрийн үүлстэй эвцэлдэн салаад
Өрөөнд чинь цас шиг будрахыг хүслээ.
Элэгдэвч тэмүүлэх хүслийн гүнээс
Эвдэршгүй амьдрал бийг танилаа.
Сүнснийхээ нөгөө талыг гэрийн чинь үүдэнд
Шөнийн сүүдэртэй цуг дэвсэж үлдээлээ.
Үгүйлэл шүлэг
Жаргах нарны илчийг өвөртөө шургуулж
Жаврын түрүүчээс хаацайлж дөнгөдөг
Бууц дэвссэн дулаан өвөлжөөнөөс сугарч гараад
Буцах замаа ололгүй төөрсөн гийчин адил
Их хотын үймээнт гудамжинд дасахдаа
Ирт өдрүүдийн сүүдэрт биеэ нууж сурчээ.
Үсний ширхэгт сор суулгах цаг хугацаа
Өвсний үзүүрийг намар бүр шарлуулж
“Ирэх болов уу” гээд харуулдаж суугаа
Ээжийн минь үгүйлсэн сэтгэлийг
Хэлгүй үүлсийн уранхай биеэр
Хулдаж орхиод ганцаардахад сургажээ.
Уулын арын сондгой ганц хайлаас дээр
Улаан саран шувуу шиг сууж үзэгдэнэ үү
Урагдсан хормойн нулимстай тэмдэг болгож
Урласан чулуун гэр минь адууны хөлд гишгэчүүлж үү
Аавын унадаг асан хул алаг морин
Амгай тэлсэн хар усан хатираатай сан биш үү
Ац модон цаханд өглөөн нар, үдшийн сарнаар
Амрагаа үгүйлэн хазаар, ногт өлгөсөн хэвээр үү
Амьдрал, үхэл гэдэг та бидэнд ялгаагүй
Анивчаад өнгөрөх замын гэрэл төдий ч
Дотроосоо нурсан хөндүүр сэтгэлээр
Догдлуун шүлэг хаяглаж болдоггүй ээ.
Итгэл эмтэрч, зүрх зогсоогүй ч
Ирт мэсэнд сүлбүүлж туйлдсан
Жавар нөмөрлөхгүй хүүгийнх нь зүрхийг
Жаргах наран үнсэж байнам, ээж ээ.
***
“Амьдарч сурахад эхлээд амьдрахад суралцах ёстой”
Аль номоос үзсэнээ мартжээ. Зүүдэнд хэн нэгэн шивнэсэн
Үгсийн цуурай ч бил үү? Зүүднийхээ зочноос асуух сан гэвч
Нар хэдийн өндөрт манджээ.
Аливаад суралцана гэдэг дасахтай ер адилхан уу?
Асуулт хаврын шинэ ногоо шиг дотроос минь
Арав, хориороо ургасаар л байгаа нь
Амьд яваагийн минь тэмдэг юмсан уу.
Өндөрт мандсан нарны бүлээн туяаг
Алгандаа тоссон охин минь эрвээхэй барьсан адил
Жаргалтай харагдана.
Тэр л аз жаргалыг амжин шүүрч авахаар яаран өндийсөн
Тэр эмэгтэйд хэчнээн хайртай гэж санана.
Ид шидээс өөрцгүй бодогдох
Ийм мэдрэмжийг өөртөө орогнуулж сурсандаа баярлана.
Илбээс үнэн зүүднийхээ зочноос асуухгүй
Энэ өдрийг тэднийхээ инээмсэглэлтэй хамт
Зөнд нь орхино.
***
Харанхуй шөнөөр ширээний гэрэлд
Хамтдаа ном уншиж зүүдэлдэг байлаа.
Хананд туссан хос сүүдрээ ажаад
Хагацлаас нуугдаж хөшиг татлаа.
Үгүйлдэг, санадаг, боддог
Өрөвдмөөр эмзэг сэтгэлтэй байлаа.
Үргэлж чам руу тэмүүлэн зугтдаг
Үг авдаггүй гэмтэн явлаа.
Халуун учралаа хоргонд хадгалчхаад
Хагарахгүй гэдэгт итгэж байлаа.
Хайрын тухай шүлгүүд уншаад
Хайрах хөндүүрээс дөлж суулаа.
Чимээ болгоноос цочин мэгдэх
Чичирсэн зүрхтэй хөөрхий явлаа.
Чин зоригоор туулах амьдралыг
Чамгүй л бол гэтлэхгүй байлаа.
УРАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ:
Шүлгийн түүвэр:
“Сэтгэлийн таталбар” (2012)
“Цаасан навчсын эмгэнэл” (2013)
“Зурмал нүдэт хэрээ” (2015)
“Шувуудын гүн ухаан” (2017)
“Лурас” (2019)
“Шулмын шүлгүүд” (2019)
“Амь тавих сарууд” (2022)
“Арван өвлийн хойно” (2024)
Өгүүллэгийн түүвэр:
“Муурын байшингуудын түүх” (2016, 2022)
“Эрээн муурын үхэл” (2023)
Сэтгүүл зүй:
“Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд” (2021)
Шүүмж судлал:
“Уншихуйд автахуй” (2019)
“Эртний Мисисипийн дуун” (2024)