УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооныхон агаарын бохирдол, утааны асуудалтай холбоотойгоор “Түлш, зуухны стандарт ба хяналт” сэдэвт дэд хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Ирэх сард зохион байгуулах утааны сонсголыг угтан уг хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.
Х.Нямбаатар (Нийслэлийн Засаг дарга):
-Нийслэл төдийгүй суурьшлын бүсүүдэд агаар, орчны бохирдлын асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болжээ. Төв суурин газар амьдрах хүсэлтэй хүн олширсонтой холбоотойгоор хүйтний улиралд нүүрсний хэрэглээ нэмэгдэж буй.
Нийслэлийн агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын 198 840 айл өрхийн яндангаас гарч буй утаа эзэлж байна. Мөн 804 656 автомашинаас гарч буй азотын дутуу исэл болон бусад хортой элемент 28.9, ДЦС, нам даралтын зуух, төвлөрсөн хогийн цэг орчмын бохирдол 15.6 хувийг эзэлдэг гэх судалгаа бий. Сүүлийн 13 жилийн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 340 тэрбум төгрөг зарцуулжээ.
“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшний үйлдвэрт нийт нэг их наяд 450 гаруй тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр өгсөн. Үүний нэг их наяд 307 тэрбумыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас татаас хэлбэрээр олгож, үлдсэн 146.2 тэрбумыг нь нийслэлээс гаргалаа. Нийслэлээс олгосон 146.2 тэрбум төгрөгийг сайжруулсан түлш нөөцлөх агуулахуудын түрээс болон гэрээт ажилтнуудын цалинд зарцуулсан. Энэ нь ойролцоогоор нэг жилд 50 тэрбум орчим төгрөг болдог. Бид 2025 онд 5620 айлыг орон сууцад оруулахаар төлөвлөж байгаа. Мөн 15 мянган айлыг хий, 5700-г байгалийн хийн түлшинд холбоно. Улмаар 2032 он гэхэд 60 гаруй мянган өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөсөн. Түүнчлэн гуравдугаар сарын 1-нээс түлш үйлдвэрлэхэд мидлинг ашигладгийг зогсоох юм.
Бид юуны түрүүнд агаарын бохирдол ихэссэн шалтгааныг тодорхойлох ёстой. Энэ нь 1984 оноос хойш нэг ч ДЦС шинээр байгуулаагүйтэй холбоотой. Тухайн үед нийслэл 500 мянга гаруй иргэнтэй байв. Харин өдгөө хоёр сая орчим хүн амтай боллоо. Тэгэхээр төвлөрсөн халаалтын систем, эх үүсвэрүүдийг шинээр нэмээгүй, алдаатай бодлогуудын үр дүнд агаарын бохирдол өнөөдрийн түвшинд хүрсэн гэсэн үг. Тиймээс цаашдаа эрчим хүчний төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Газраа чөлөөлөөд, дулааны эх үүсвэртэй болчихвол манайд ажиллах хүчин бий. Цаашид 10 байршилд тархмал эх үүсвэр барина. Үүнээс гадна хоёр байршилд газрын гүний дулааны байршлын хайгуул эхлүүлэхээр төлөвлөсөн. Сэлбэ болон Шинэ Зуунмод хотод байгуулна. Бидний хайгуул амжилттай болбол манай улсын эрчим хүч, дулааны салбарт хувьсал хийх юм.
Сэлбэ орон сууцын тендерийг ирэх хоёрдугаар сард дөрвөн багц байдлаар зарлана. Энэ төслийг эхлүүлэхэд нийт 2000 айл газраа чөлөөлөх ёстой. Үүнээс өдгөө 1700 нь чөлөөлсөн, 300 гаруй айл бичиг баримтын зөрчилтэй. Уг нь манай улсад шинэ эх үүсвэр барих боломж бий. Гэхдээ дэд бүтцийн эх үүсвэрийн шугамын ачаалал дээд цэгтээ тулчихсан. Цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээгээ хангахын тулд бид шугам сүлжээгээ заавал нэмж, өргөтгөх хэрэгтэй. Гэтэл үүний нийт ТЭЗҮ-ийг урьдчилсан байдлаар тооцоход хоёр тэрбум ам.доллар болсон. Тэгэхээр энэ нь санхүү, мөнгө, улс орны эдийн засагтай холбоотой асуудал.
Үүнээс гадна 2030 он хүртэл хатуу түлшийг багасгана. Засгийн газраас нийслэлд татаас өгөхөөр ярьж буй. Сүүлийн жилүүдэд автомашины нүүрсэн янданг хууль бусаар БНХАУ руу гаргах нь нэмэгдсэн. Тиймээс хилээр нүүрсэн яндан гаргахыг хориглолоо. Өнөө жилээс үзлэг оношилгоонд орж буй автомашинуудын нүүрсэн янданд төмөр тэмдэглэгээ тавина. Янданг солихгүй байхаар зохион байгуулж байна.
И.Лувсанцэрэн (Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга):
-Баруун, төв, өмнөд, дорнод, Алтай-Улиастай бүсийн зэрэг системээс нийт 330 гаруй сум, суурин газрыг эрчим хүчээр хангаж буй. Өнгөрсөн оны байдлаар 11.6 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээс 10.6-г нь түгээсэн. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний 75.4 хувийг дотоодоос, 24.6 хувийг импортоор авчээ. Мөн 2027-2028 онд оргил ачааллын үед хөнгөлөлтгүй үнээр цахилгаан, дулааны эрчим хүчээр хангана. Бас нийслэлийн орон сууцын төлөвлөгөө болон аж ахуйн нэгжийн хэрэглээний өсөлтөөс хамааран тархмал эх үүсвэрүүдийг бий болгож байна. Тухайлбал, Зайсан, “Дүнжингарав”, “Их засаг” орчимд дулааны эх үүсвэр бий болгохоор төлөвлөж буй.
Дэлхийн томоохон хотуудад ч хүн амын нягтаршил, аж үйлдвэржилтийн нөлөөнөөс үүдэлтэйгээр түүхий нүүрсний хэрэглээ ихсэж тэр хэрээр агаарын бохирдол нэмэгджээ. Олон улсад агаарын бохирдлоо бууруулахын тулд хагас коксожсон болон хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, эрчим хүчний үйлдвэр барих арга хэмжээ авсан. Тэгж л агаарын бохирдлыг бууруулж байв. Иймд цаашид хагас кокс руу шилжиж, хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх ёстой. Мөн 2030-2040 онд хийн хангамжийн нэгдсэн систем бий болгоно. Улмаар хагас коксожсон шахмал түлшний хэрэглээг бууруулах юм. Түүнчлэн орон сууцжуулах бодлогоо 2050 он хүртэл үргэлжлүүлснээр агаарын бохирдлыг бууруулах боломжтой.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн болон лабораторийн туршилтаар 12 хувилбар бүхий нийт 39.6 тонн сайжруулсан шахмал түлш гаргасан. Уг бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт болон хаягдал утаанаас ялгарах хорт хийн хэмжээг ч тодорхойллоо. Бас ахуйн хэрэглээнд ямар нөлөө үзүүлэх талаар ч туршсан юм. Хариуд нь хагас коксоор үйлдвэрлэсэн шахмал түлшийг ахуйн хэрэглээнд ашигласнаар агаарт тархах тоосонцрын хэмжээ 72.6, хүхэрлэг хий 85.5, угаарын хий 10.8, азотын давхар исэл 23.5 хувь хүртэл буурна гэх үр дүн гарсан.
Нийслэлийн хэмжээнд нийт 18 цэгт агаарын чанарыг хэмжиж буй. Дээрх шахмал түлшийг хэрэглэснээр ямар үр дүн гарахыг эдгээр төхөөрөмжид тулгуурлан хэмжихэд утааг одоо байгаа түвшнээс 45 хувиар бууруулах боломжтой нь тогтоогдсон. Түүнчлэн түүхий нүүрс хэрэглэдэг байсан үеийнхтэй харьцуулбал агаарын бохирдлыг 70-75 хувь хүртэл бууруулах боломжтой. Үүнээс гадна ДЦС-уудын шаталтын процессоос ялгарах агаарын бохирдлыг сар бүр хэмжиж байна. ДЦС-уудад 2024 оны байдлаар нийт 6.7 тонн түүхий нүүрс хэрэглэжээ. Дундаж үзүүлэлтээр авч үзвэл станцаас ялгарч буй бодисууд нь стандарт хэмжээндээ байна.
Мөн агаарын бохирдлыг бууруулахаар хэрэглэгчид бие даасан эх үүсвэртэй болж өөрийн хэрэглээнд ашиглах, бас илүү гарснаа сэргээгдэх эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломж бүрдүүллээ. Тэгэхээр иргэд ч сэргээгдэх эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой гэсэн үг. Одоогоор 73 хэрэглэгчийн 1319 кВт нарны үүсгүүр сүлжээнд холбогдсон. Мөн хэрэглэгчийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг илүү хүртээмжтэй байдлаар өөрчлөхөөр ажиллаж буй. Түүнчлэн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний үнийн тарифыг ч нэмнэ. Бас гэр хорооллын айл өрхүүдэд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр энэ онд 50.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингэхдээ 21.00-06.00 цагийн хэрэглээний төлбөрийг хөнгөлөхөөр тооцно.
Д.Өлзийбат (“Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич):
-Шахмал түлшний бат бөх чанар, асалт буюу бүрэн шатах үйл явцыг дэмжих, дулаанаа хадгалах чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор барьцалдуулагч ашигладаг. Гол түүхий эд нь “Энержи ресурс” компанийн Ухаахудагийн баяжуулах үйлдвэрийн ангилсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох мидлинг буюу эрчим хүчний нүүрс. Тус түүхий эд нь шахмал түлшний орцын 95 хүртэлх хувийг эзэлдэг. Тухайлбал, эрчим хүчний нүүрсийг Багануурынхтай харьцуулахад шахмал түлшний чийглэг зургаа, дэгдэмхий бодис хоёр дахин бага байна. Харин илчлэгийн хэмжээ хамаагүй илүү 1.6 дахин их. Түлш чийгтэй байх тусам уугьж, утаа үүснэ. Тэгэхээр эдгээрээс агаарын бохирдол хоёр дахин буурсныг харж болох юм.
Эрчим хүчний яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран 2023 онд хэд хэдэн туршилт явуулсан. Үр дүнд нь хагас коксожсон нүүрс ашигласнаар дэгдэмхий бодисын гарц 51, хүхэр 57.7, үнс 37.2 хувь хүртэл буурч байгааг тогтоосон.
Т.Баярхүү (УОК-ын нарийн бичгийн дарга):
-Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард агаарын чанарыг сайжруулах хяналт шалгалтыг долоон дүүргийн хэмжээнд 137 хорооны айлыг хамруулан явууллаа. Шалгалтын хүрээнд 15-100 кВт хүртэлх хүчин чадалтай нийт 1049 зуухнаас утааны шүүлтүүргүй, зуухны паспортгүй, хийн хэмжигчгүй байх зэрэг нийтлэг зөрчил илрүүллээ. Тухайлбал, 70 аж ахуйн нэгж, байгууллагын 100 кВт-аас дээш хүчин чадалтай 155 халаалтын зуухны дотор утааны шүүлтүүргүй зургаа, шүүлтүүрээ ажиллуулаагүй найм, хэмжигчгүй 15, хаягдал утааны хэмжилтийн дүн хийлгээгүй 35 байв. Мөн нүүрсний агуулах нь задгай 37, түүхий нүүрс түлсэн, хог хаягдал шатаасан нэг гээд нийт 146 зөрчил илрүүллээ. Иймд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж, улсын байцаагчийн албан шаардлага, зөвлөмжийг нийт 520 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн. Түүнчлэн энэ онд нийт зургаан зөрчил илрүүлснээс түүхий нүүрс түлсэн хоёр, ашигласан тос, тосол шатаасан нэг, агаарын чанарын бүсээс гадагш шахмал түлш тээвэрлэсэн гурван тохиолдол бүртгэгдэв.
Шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон бусад 16 төрлийн 35 кг дээжийг БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн лабораторид элементийн шинжилгээ хийлгэхээр энэ сарын 3-нд илгээсэн. Бид өдгөө шинжилгээний хариуг хүлээж байна. Мөн НЭМҮТ, Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллагынхан хамтран “Тавантолгой түлш”-ийн Налайх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт байрлах үйлдвэрийн байрнаас дээж авч, ДЭМБ-аар дамжуулан гадаадад шинжлүүлж байгаа.
Энэхүү хэлэлцүүлэг нь төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн мэдэх эрхийг ханган, санал солилцож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн ойлголттой болох зорилготой. Мөн төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгч, салбар хоорондын уялдаа хамаарлыг нэгтгэн, утааны асуудлыг зөвхөн нэг улирал яриад өнгөрөх бус богино, дунд, урт хугацаанд стратегийн хувьд нэг долгионд авч үзэхэд чиглэснийг зохион байгуулагчид онцоллоо. Өчигдөр 18.30 цагийн үед ч хэлэлцүүлэг үргэлжилсээр байв.
У.Цэцэг