Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан галд өртөж олон хүн амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, орох оронгүй болсон хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Гэхдээ шүүх хавтаст хэргийг хүлээн авах ажиллагааг хараахан дуусгаагүй байгааг эх сурвалжууд тодотгов.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас хяналт тавьсан уг хэрэгт “Дашваанжил” ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав, тус компанийн жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, дээрх хоёр хүнд Эрүүгийн хуулийн 10.6-2 дугаар зүйлийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёроос дээш хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 11.3-2-ын болгоомжгүйгээр хоёроос дээш хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 11.5-1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэсний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тооцсон юм.
Гал түймрийн улмаас онцгой байдлын албаны гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн хүн нас барж, таван иргэнд хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүн хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсныг шинжээчид тогтоосон билээ.
Харин уг осол гарахад жийп автомашин жолоодож яваад цистернтэй шүргэлцсэн БХЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга, ахмад Э.Мөнхнаранг буруутгах ямар нэг үндэслэл байгаагүй учраас түүнийг шүүхэд шилжүүлээгүй аж.