Тархины саатай хүүхдийг анагаах ризотоми хэмээх мэс заслын эмчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн Монголд нутагшуулахаар ажиллаж байгаа гэнэ. Үүний хүрээнд тус эмнэлгийнхэн Японы Токио хотын Хүүхдийн эрүүл мэндийн төвийнхөнтэй хамтран ажиллаж буй юм байна. Монголд хараахан эмчилж чадахгүй байгаа өвчнүүдийг анагаах арга, технологиудыг эх орондоо үе шаттайгаар нэвтрүүлэхийг Эрүүл мэндийн сайд энэ онд харьяа байгууллагууддаа үүрэгджээ. Эл үүргийн дагуу дээрх эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Ризотоми нь хүүхдийн тархины саагийн шалтгаант булчин чангарлын үед нугасны мэдрэлийн арын ёзоорыг сонгомлоор таслах мэс заслын эмчилгээ юм байна. Эл эмчилгээг манайд нутагшуулахын тулд Токиогийн Хүүхдийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийн мэдрэлийн мэс заслаар мэргэшсэн профессорын баг ирж, манай улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран тархины саа, саажилт, хөдөлгөөний эмгэгтэй 50 хүүхдэд нарийвчилсан үзлэг, оношилгоо хийжээ. Мөн яаралтай эмчлэх шаардлагатай зургаан хүүхдэд ризотоми мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна. Мэс засал амжилттай болж, хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Цаашид манай эмч, мэргэжилтнүүд уг эмчилгээг бие даан хийх гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч