Насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтны цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хосолсон сургалтын арга зүй” сэдэвт сургалтыг эхлүүлсэн байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Мэдлэ” цахим сургуультай хамтран уг сургалтыг зургаан бүсэд зохион байгуулж буй аж. Тодруулбал, сургалтад 21 аймаг, есөн дүүргийн насан туршийн суралцахуйн төвийн 573 багш, удирдах ажилтан хамрагдахаас 425 буюу 74 хувийн ирцтэй оролцож байгаа юм.
Цахим сургалтад оролцогчдын оролцоо, бие даан сурах арга барилыг дээшлүүлэх боломж, онлайн сургалт зохион байгуулах арга техник, сурагчдын ялгаатай байдлыг судлах, тэдэнтэй ажиллах төлөвлөгөө гаргах, цахим орчин дахь ёс зүйн тухай ойлголтууд, цахим анги үүсгэх, удирдах зэрэг арга барилыг эзэмшүүлэх гэнэ. Сургалтыг зургаадугаар сарын 15-ыг хүртэл синхрон, асинхрон хэлбэрээр явуулах бөгөөд амжилттай суралцсан оролцогчдод батламж олгох аж.
Ч.Болор