Нийслэлийн удирдах ажилтнуудын өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 83 хувьтай байжээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд хараа хяналт сул, хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, тэнэмэл зэрэг нийт 226 хүүхдийг олж тогтоосон байна. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн 123 иргэнийг 7-30 хоног баривчлуулж, хүүхдийн бие махбодод халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, үл хайхарсан, хүчирхийлэл үйлдсэн зэрэг хүүхдийн эрхийг зөрчсөн 128 иргэнд торгууль ногдуулжээ.
Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл, авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах үүрэг өгсөн. Авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлийн хүрээнд нийт 16 байршилд 9.21 км авто замд засварын ажил хийхээр төлөвлөснөөс 14 байршлын 8.51 км замд засвар шинэчлэл хийлээ. Хоёр байршлын 0.7 км замын засварын ажил үргэлжилж буй бөгөөд 90.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн зургаан дүүргийн гол болон туслах 148 гудамж, замд 82,803 ам метр нүхэн эвдрэл засварлаж, 87.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Бодлогын баримт бичиг болон хууль, тогтоол, шийдвэр, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, удаашраалтай байгаа ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах
- Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч ажиллах
- Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, Улсын комисст хүлээлгэж өгөх ажлуудаа шуурхай зохион байгуулах
- Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах
- Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлэх
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах
- Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах
- Мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа агентлаг болон дүүргүүд төрийн хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь НЗДТГ хяналт тавьж ажиллах
- Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах
- Орон сууцны болон гэр хорооллын хог тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг өгөв.