Жил бүр эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж буй мэргэжлийн нэг нь яах аргагүй хөдөлгөөн засалч юм. Гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах хүний тоо олшрох тусам энэ чиглэлийн мэргэжилтний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Олон цагаар сууж ажиллах, ачааг буруу өргөснөөс гэмтэх, хөдөлгөөний хомсдол, алхах, суухад хүндрэлтэй болох зэрэгт хамгийн түрүүнд хөдөлгөөн засалчид хандах ёстой. Мөн хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор ч тэднээс зөвлөгөө авч болно. Биеийн байдлаа тодорхойлуулж, танд ямар дасгал илүү тохиромжтойг хөдөлгөөн засалч нар тодруулж, амьдралын энгийн хэв маягтаа шилжихэд тусална. Монголд төдийгүй олон улсад эрэлт хэрэгцээ нь нэмэгдээд буй хөдөлгөөн засалч нарыг хэрхэн бэлтгэдэг талаар мэдээлэл хүргэе.
АШУҮИС, “Этүгэн”, “Аварга” сургуульд бэлтгэдэг
Одоогоор АШУҮИС, “Этүгэн”, “Аварга” сургууль хөдөлгөөн засалчийн хөтөлбөртэй аж. “Этүгэн” их сургуулийн хувьд хөдөлгөөн засалчийн туслахаар бэлтгэх нэг жилийн сургалттай юм билээ. Харин АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийнхэн нарийн мэргэшүүлэх сургалт явуулдгаараа бусдаасаа ялгарна.
АШУҮИС-ийн хөдөлгөөн засалчийн бакалаврын хөтөлбөрт жилд 45 оюутан элсдэг юм байна. Гэсэн ч 20-30 нь л энэхүү мэргэжлээрээ төгсдөг аж. Хөдөлгөөн засалчаар суралцаж төгсөөд ажиллаж буй мэргэжилтнүүд бүгд Монголын хөдөлгөөн заслын холбооны гишүүн болдог. Тус холбооныхон 2011 онд 13-уулаа үйл ажиллагаагаа эхэлсэн бол өдгөө 263 гишүүнтэй болж өргөжжээ. Өөрөөр хэлбэл, Монголд ийм тооны хөдөлгөөн засалч ажиллаж байна гэсэн үг. Гэсэн ч үүнийг нийт хүн амын тоотой харьцуулж үзэхэд хангалтгүй гэж хэлж болно. Уг нь хөдөлгөөн засалч нар өдөрт 15 өвчтөнийг хүлээж авах стандарттай юм билээ. Гэсэн ч бодит байдалд үйлчлүүлэгчдийн тоо стандартаас хэд дахин нэмэгддэг гэх.
“Нийгмийн харилцаанд оролцоход нь зааж сургах, дадаж хэвшүүлэх үүрэгтэй”
Юуны түрүүнд хөдөлгөөн, хөдөлмөр засалчийн үйл ажиллагааг ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хөдөлгөөн засалч А.Оюунгэрэл “Хөдөлгөөн заслын эмчилгээнд тархи, нуруу нугасны гэмтэл, тархины цус харвалт, мөчдийн саа, саажилт зэрэг аливаа өвчин эмгэг, осол гэмтлээс үүдэлтэйгээр бий болсон, тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүмүүс хамрагдах нь зүйтэй. Биеийн төрх байрлал, алхах, босох, суух, гүйх, тэнцвэрээ хадгалах гэх мэт олон үйлдлийг тухайн хүн бусдаас хараат бусаар хийж, өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх чадвартай болгох, улмаар нийгмийн харилцаанд оролцоход нь зааж сургах, дадаж хэвшүүлэх нь хөдөлгөөн засалчийн үүрэг юм.
Олон улсад хөдөлгөөн засал нь үндсэн гурван чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, дасгал хөдөлгөөн, удаах нь цахилгаан буюу бидний хэлж заншсанаар физик эмчилгээ. Дараа нь усан эмчилгээг тухайн өвчин эмгэгийн байдлаас хамаарч хавсарч хийж болдог.
Хөдөлмөр засалчийн хувьд мөн адил тухайн үйлчлүүлэгчид өдөр тутмын амьдралдаа бусдаас хараат бус байж, өөрөө өөртөө үйлчлэх чадвар эзэмшүүлэх үүрэгтэй. Гарын жижиг хөдөлгөөнүүдийн чадвараас эхлээд өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахад нь тусалдаг. Жишээлбэл, шүдээ угаах, өөрөө халбагаа бариад хоолоо идэх, зурах, гутлаа өмсөх гэх мэтийг дурдаж болно” гэсэн юм.
Дөрвөн төрлөөр мэргэших боломжтой
Хөдөлгөөн засалч нар хүүхдийн, дотрын, тулгуур эрхтэн тогтолцооны, мэдрэлийн гэсэн үндсэн дөрвөн төрлөөр мэргэшдэг юм байна. Ингэхдээ АШУҮИС-ийн Бие бялдар судлалын тэнхимийн мэргэшүүлэх сургалтад нэг жил хамрагддаг аж. Эдгээр чиглэл нь ямар онцлогтой талаар дээрх сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш нараас тодрууллаа. Тус тэнхимийн тулгуур эрхтэн тогтолцооны сургалтыг хариуцаж буй багш, анагаах ухааны доктор Б.Янжинсүрэн “Улсын болон хувийн эмнэлгийн нийт үйлчлүүлэгчдийн 70-80 хувь нь тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгийн улмаас эрүүл мэндийн байгууллагад ханддаг. Жишээлбэл, Улсын гуравдугаар төв эмнэлэгт ч мөрний, нурууны өвдөлттэй хүмүүс очиж үйлчлүүлдэг” гэв.
Хүүхдийн, спортын чиглэлээр дагнан ажиллаж болно
“Тулгуур эрхтний хөдөлгөөн засалч нь гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаантай бүхий л өөрчлөлт, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх гээд эрүүл мэндийн цогц эмчилгээ хийдэг. Бакалаврын түвшинд тулгуур эрхтэн тогтолцооны онол, эмчилгээний талаар ерөнхий мэдээлэл өгдөг. Харин мэргэшиж суралцвал олон улсад ямар өвчин эмгэг дийлэнхдээ тохиолдож байгааг, сүүлийн үеийн эмчилгээний арга технологи зэргийг гүнзгийрүүлэн суралцдаг. Энэ чиглэлээр мэргэшиж суралцвал ажлын байр 100 хувь бэлэн бий. Тулгуур эрхтэн тогтолцооны хөдөлгөөн засалчаар мэргэшиж суралцаад үргэлжлүүлэн спортын, гэмтлийн шалтгаантай, хүүхдийн гэх мэт чиглэлээр дагнан ажиллах боломжтой. Тулгуур эрхтэн тогтолцооны хөдөлгөөн засалчаар жилд багадаа 3-4 хүн манай сургуульд мэргэшиж байна. Гэхдээ ажиллаж буй эмнэлгийнхээ ачаалал, онцлогоос шалтгаалаад тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүмүүст эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх замаар мэргэшиж байгаа нь үүнээс ч олон” гэж анагаах ухааны доктор Б.Янжинсүрэн хэлэв.
“Тэвчээртэй хүмүүс мэдрэлийн хөдөлгөөн засалчаар ажилладаг”
Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбооны тэргүүн, АШУҮИС-ийн Бие бялдар судлалын тэнхимийн багш Х.Ариунаа “Мэдрэлийн хөдөлгөөн засалчаар 2023 онд хоёр мэргэжилтэн төгссөн. Одоогоор мэдрэлийн гурван хөдөлгөөн засалч төгсөөд байна. Мөн энэ жил хоёр хөдөлгөөн засалч мэдрэлийн чиглэлээр мэргэшихээр суралцаж байна. Төв, захын мэдрэлийн тогтолцооны эмгэг, тархины харвалт, хүүхдүүдэд тархины саажилт манай улсад түгээмэл. Үүний улмаас хөдөлгөөн нь хэвийн бус буюу алхах, суухад хүндрэлтэй болдог. Тархины эд гэмтсэний дараа эхний зургаан сард хөдөлгөөнд суралцах үе нь нэлээд идэвхтэй байдаг л даа. Төв, захын мэдрэлийн тогтолцооны эмгэгийн үед хөдөлгөөн засалч нар алдагдсан хөдөлгөөнийг сэргээн засахад тусалдаг. Эрүүл үеийнх шигээ хөдөлгөөн хийх боломжгүй бол орлуулах буюу таяг, алхуулагч гэх мэтийн туслах хэрэгслийг ашиглаж, хөдөлгөөний чадварыг сэргээдэг” гэв.
Мөн тэрбээр “Олон улсад мэргэшүүлэх сургалтыг нэг жилийн хугацаанд явуулдаг. Манай сургууль энэ жишгийг баримталж байгаа. Мэргэших чиглэлээ сонгохын тулд алинд нь илүү сонирхолтой вэ, чадах болов уу гэдгээ анхаарах ёстой. Мэдрэлийн хөдөлгөөн засалч нарын хувьд үр дүнгээ нэлээд удаж байж хардаг болохоор тэвчээртэй хүмүүс сонгодог. Иймд өөрийнхөө онцлогт тохирсон чиглэлээр мэргэших нь зөв. Хөдөлгөөн засалчаар төгсөөд ихэнх нь улсын нэгдсэн эмнэлгүүдэд ажилладаг.
Мэдрэлийн хөдөлгөөн засалч нарт урьдчилан сэргийлэх зорилгоор хандаж болно. Мэдрэлийн өвчнүүдээс тархи, судасны эмгэг нь амьдралын хэв маягаас хамааралтай. Үүний суурь нь артерын даралт ихсэх юм. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх, мөн хөдөлгөөний хомсдолоос зайлсхийх зорилгоор ч мэдрэлийн хөдөлгөөн засалчид хандаж болно” хэмээлээ.
Бүх төрлийн мэс заслын дараа тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой хүмүүс
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн ахлах багш, анагаах ухааны доктор Г.Намуун “Амьсгал, зүрх судас, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэгийн улмаас дотрын хөдөлгөөн засалчид хандах нь элбэг. Дотрын хөдөлгөөн засалч нар нь эрчимт эмчилгээний, зүрх, судасны, амьсгалын, мэс заслын өмнөх ба дараах үед тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Эрчимт эмчилгээний, мэс заслын өмнөх болон дараах үед амьсгал, зүрх судсанд илрэх шинж тэмдгийг нь бууруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилладаг. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн мэс заслын дараа тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой хүмүүс нь дотрын хөдөлгөөн засалч нар юм. Дотрын хөдөлгөөн засалч нар нь бие дааж ажилладаг. Зүрх, судасны өвчтэй, таргалалт, чихрийн шижинтэй гээд бодисын солилцооны эмгэгтэй хүмүүст амьсгал, зүрх, судасны ямар эмгэг байгааг оношилдог. Дотрын хөдөлгөөн засалч нар ч гэлтгүй бусдад нь ч ажлын ачаалал өндөр.
Дэлхийн бие бялдар, хөдөлгөөн заслын холбоо нь Амьсгал, зүрх судасны хөдөлгөөн засалчийн салбар хороотой. Энэхүү мэргэжлээр суралцвал гадаадад мэргэших боломж ч нээлттэй байдаг. Ер нь ханиад хүрдэггүй хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ мэтчилэн амьсгал, зүрх, судасны хөдөлгөөн засалч хаана ч хэрэгтэй болдог” гэв.
Өмнө хэлсэнчлэн хөдөлгөөн засалч нар Монгол Улсад үгүйлэгдэж буй. Уг нь энэ төрлийн мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн 2007 оноос хойш суралцах оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм билээ. Гэсэн ч энэ нь хангалттай үзүүлэлт биш хэвээрээ л байна. Энэ нь нэг талаараа багш нарын хүрэлцээтэй ч холбоотой гэнэ. АШУҮИС-ийн багш цөөн байгаагаас мэргэшүүлэх сургалтдаа л гэхэд жилд 2-3 оюутан элсүүлдэг гэнэ.
А.Тэмүүлэн