Өвөрхангай аймагт уржигдар таван ханатай гэр, зуны байшин шатсаны улмаас 79 настай эмэгтэй амиа алдлаа. Тодруулбал, тус аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн нутагт айлын гэр шатаж байна гэх мэдээлэл уржигдар 15.58 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын харьяа Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Н-ийн таван ханатай гэр, 5х6 метрийн хэмжээтэй зуны байшин шатаж байсныг унтраасан байна. Түймэрт 79 настай эмэгтэй өртөж, нас барсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгснөө дээрх байгууллагынхан мэдээллээ.
У.Цэцэг