Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Дүрслэх урлагийн академийн багш, зураач З.Түмэнжаргал, Б.Баярцэнгэл болон ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын гоцлол хөгжимчин З.Одонтунгалаг нар “Цэгээс цэгийн хооронд” хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ.
Тэд 2012 оноос “Монголизм” сэдэвт бүтээлээрээ нэгдэж, өдгөө тав дахь үзэсгэлэнгээ толилуулж буй нь энэ аж. Тухайлбал, өмнө нь “Монголизм”, “Монголоос ирсэн салхи”, “Гурав”, “Цагаан алт” нэртэй үзэсгэлэн дэлгэж байв.
“Цэгээс цэгийн хооронд” үзэсгэлэнгээр дамжуулан хүн, байгалийн хүйн холбоо, амьдралын эхлэл, төгсгөл үе, цаг хугацаа хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг харуулахыг зорьсноо уран бүтээлчид онцлов. Мөн эл үзэсгэлэнг зорин очсоноор З.Одонтунгалагийн “Цэгээс цэгийн хооронд”, “Салхи” зэрэг ардын уламжлалт утсан хөгжмийн контемпорари зохиолыг сонсох боломжтой гэнэ. Урчуудын эвлэлийн дэргэдэх арт галерейд дэлгэсэн эл үзэсгэлэнг ирэх сарын 2 хүртэл олны хүртээл болгоно.
У.Цэцэг