Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд, мөн Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Туркт 21 жилийн дараа зочилсноороо онцлогтой. Монгол, Турк хоёр улс эртний найрсаг харилцаа, тэр дундаа түүх, соёлын хувьд салшгүй холбоотой явж ирсэн билээ. Төрийн тэргүүн айлчлалынхаа үеэр Монголынхоо уламжлалт өв, соёл урлагаар дамжуулан улс эх орноо сурталчлан таниулахыг зорьсон юм. Тухайлбал, Истанбул хотын Ататуркийн соёлын төвд Улсын филармонийн Морин хуурын чуулга тоглож, турк болон тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийнхээ сонорыг мялааж, тус төвийг дүүргэн, олон хүнийг сэтгэлийг хөвсөлзүүлсэн. Монголын уран бүтээлчид Туркийн үндэсний дуу, хөгжмийг эгшиглүүлсэнд тухайн улсын иргэд талархан хүлээн авч, суудлаасаа босож хүндэтгэл үзүүлсэн билээ.
Түүх соёл, өв уламжлалын салшгүй жимээр холбогдсоныг батлах өөр нэг арга хэмжээ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн малтлагын талбайд зочилсон үйл явдал байлаа. Тус улсын Ван аймагт байрлах туурь, “Акдамар” сүмийн хана дээрх Хүлэгү ханы чулуун хөргийг Ерөнхийлөгч болон сайд, дарга нар үзэж сонирхов. Мужийн захирагч Озан Балжы тэргүүтэй өндөр дээд албан тушаалтан, судлаачид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтан авч, археологийн ажлын үйл явцыг танилцуулав.
Монгол Улсын их сургууль, БНТУ-ын Измирийн Катил “Чэлэби” их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судалгааны баг 2022, 2023 онд Турк улсын Ван мужийн Чалдыран сумын нутагт археологийн хайгуул, судалгаа сорилтын малтлага хийн, уг зуны ордны туурийг илрүүлжээ. Тодруулбал, хүрээлэнгийн судалгааны багийнхан зуны ордны туурийн нийт хэмжээг 900x1200 ам метр хэмээн тогтоосон бөгөөд малтлагын явцад хас хээтэй ваар болон зээбадын дүрстэй ваарын үлдэгдэл олдсон нь Ойрх Дорнодын бүс нутгаас анх удаа монгол загварын эдлэл олдсон тохиолдол болсон байна.
760 жилийн өмнө баригдаж дууссан Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн өргөн хүрээний малтлагыг энэ ондоо багтаан эхлүүлэх гэнэ.
Монгол хааны ордон ямар байсан тэр хэвээр нь бүтээж, богино хугацаанд олон нийтэд танилцуулахыг зорьж буйгаа Туркийн талаас мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын өөрсдөө барьсан, монгол хийцийн ордон аажмаар сүндэрлэх юм байна. Ойр орчимд нь хайгуул хийж, түүхэн олдворыг нээн илрүүлсээр буй юм. Тухайлбал, Ил ханы зуны ордон зүүн урд зүг рүү чиглэсэн байжээ. Монгол Улсын Төрийн тэргүүн Туркийн зүүн хотод хүлгийн жолоо залж, хүрэлцэн ирсэн нь судалгааны ажилд том дэвшил авчирсныг судлаачид дурдсан билээ. Монголчууд ямар өргөн уудам газар нутагт Эзэнт гүрнээ байгуулсан агуу түүхтэй улс болохыг дэлхийд дахин харууллаа хэмээн археологийн малтлагын үйл ажиллагаатай танилцах үеэр олон судлаач дуу нэгтэй хэлсэн юм.
Ташрамд дуулгахад, Ил хант улс нь XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний доторх дөрвөн ханлигийн нэг билээ. Тус улс нь Перст төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армени, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байжээ. Ил хант улсыг анх 1219-1224 онд Чингис хаан Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулах үеэр үндэслэсэн бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан байгуулсан түүхтэй.