Байгаль хамгаалагчид зэрлэг амьтдаас ард, иргэдийг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулав. Учир нь цоохор ирвэс айлын хотонд орж, мал барьсан тохиолдол гарчээ. Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Булган гол Их онгог чиглэлийг хариуцсан байгаль хамгаалагчид уг газарт ажилласан байна.
Мэдээллийг нягталж, мал барихаас гадна хүний биед халдаж болзошгүй байсан гэнэ. Тиймээс Ховд аймгийн Булган сумын нутаг ТХГ-ын хязгаарлалтын бүс болох Булган голын Шургуй хэмээх газрын ойр орчмын бүс нутагт цагдаа, онцгой байдлын газар, сумын байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нартай хамтран 3 хоног ажиглалт, хамгаалалт хийсэн байна. Мөн байгаль хамгаалагч нар хамтарсан хяналт шалгалтыг Үенчийн хавцал, Нарийн, Нарийн гол, Тариг, Байшинт зэрэг газруудад хийв. Хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчилгүй. Улаан эргийн эх Хан улиас гэх газар 3 гахай ирж байршсан байна. Тусгай зориулалтын агнуурт хяналт тавих зорилгоор байгаль хамгаалагч Д.Ариунбат ажиллаж байна. Уулын таг өндөрлөг газруудын тарвага 20 орчим хувь нь ичээндээ орж ичсэн байдалтай. Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс Ярантын тохой гэдэг газарт нэг цоохор ирвэс айлын хашаанд орж мал барьсан бөгөөд маргааш нь дахин ирж барьсан малаа идээд явсныг байгаль хамгаалагчид автомат камерын зургаар баримтжуулсан аж.