Нарны аймагт тун удахгүй нэгэн ховор үзэгдэл тохиох нь. Одон орон судлаачид, олон улсын сансрын байгууллагынхны мэдээлж буйгаар энэ сарын 21-нд нарны аймгийн долоон гараг нэг шугамд “уулзах” бөгөөд энэ нь дэлхий даяар харагдах аж. Гаргууд сансар огторгуйд олон хоногийн турш нэг шугамд давхацсан хэвээрээ байх энэ үзэгдэл нь 10-20 жилд нэг тохиодог байна. Тодруулбал, нарны аймгийн найман гараг өөр өөр тойрог замаар, харилцан адилгүй хурдтайгаар нарыг тойрдог бөгөөд тодорхой хугацаанд ийнхүү “уулзаж”, дэлхийтэй “мэндчилдэг” гэнэ. 2-4 гараг “жагсах” нь олон тохиодог бол 6-7-гоороо нэг шугамд эгнэх нь онцгой үзэгдэл гэдгийг одон орончид тэмдэглэжээ.
Дээр хэлсэнчлэн энэ сарын 21-нээс эхлэн сансрын уудамд Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван “морилно”. Меркури буюу Буд гараг нартай ойрхон байрладаг тул ажиглахад хэцүү. Тэнгэрийн ван, Далай ван бусдаасаа харьцангуй жижиг хэмжээтэй, алс хол оршдог учраас дурангаар харвал илүү тохиромжтой аж. Харин бусад нь дэлхийтэй ойр оршдог тул хүний нүдэнд үзэгдэхүйц, тод харагдах юм. Гаргууд нэг шугамд давхацсан энэ үзэгдлийг олон улсад “Гаргуудын парад” хэмээдэг бөгөөд үүлгүй цэлмэг шөнө зуслангийн бүс, хөдөө орон нутгаас шөнийн тэнгэрийг тольдвол илүү тод харагдах боломжтой. Зарим одон орон судлаач эдгээр гаргийн тохиол хаврын тэргүүн сар гартал үргэлжилнэ хэмээжээ. Энэхүү өвөрмөц үзэгдэл 2040 он хүртэл давтагдахгүй.
М.Гэгээ