Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийт хүн амын 47.1 хувь буюу 1 593 838 иргэн хамрагджээ. Тэдний 509 072 буюу 38 хувь нь эрүүл байсан гэнэ. Харин 62 хувь нь ямар нэгэн өвчин эмгэгтэй байж. Эрүүл мэндийн өөрчлөлт илэрсэн хүмүүсийн 54 хувийнх нь онош тодорхой тул эмчилгээнд хамруулсан аж. Харин 290 175 хүний оношийг баталгаажуулахаар дахин шинжилгээнд хамруулсан байна.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байж. 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7-30 хувьд сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын шинж тэмдэг илэрсэн гэнэ.
Насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь архи, тамхи хэрэглэдгийг эрт илрүүлгээр тогтоожээ. Түүнчлэн хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүйг илрүүлсэн гэнэ. Дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй. Эрт илрүүлэгт оролцогчдын 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй. Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйл болж буй аж.
Мөн гепатитын В вирусний халдвар гурав дахин, С вируснийх 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлж буйг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлов. Түүнчлэн 45, 60 насны 10 хүн тутмын нэгт сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн байна. 11-14, 30-59 насныханд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-иас дээш насанд, гепатитын В, С вирусний хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байгаа гэнэ. Мөн эрт илрүүлгээр тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авсан байна. Мөн 371 хүн хорт хавдартай нь батлагдсан аж.
Иймд Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог өргөн цар хүрээтэйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж буй юм. Ингэхдээ ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Эрт илрүүлэгт оролцогчдын 43.6 хувь нь эрэгтэй, 56.4 хувь нь эмэгтэйчүүд байж. Байршлын хувьд 50 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн хэсэг орон нутгийн иргэд. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн 47.2 хувь нь 0-17, 52.8 нь 18-аас дээш насныхан байна.
А.Үүл