Монголын авто спортын УАЗ ангилалд хурд сорьдог нэг л эмэгтэй тамирчин бий. Түүнийг Г.Ариунтуяа гэдэг. Тэрбээр 84 дугаартай, ягаан өнгөтэй УАЗ-аар олонд танигдаж, ур чадвараа харуулсан. Хүн бүр энэ спорттой нөхөрлөхийг хүсдэг ч тууштай үргэлжлүүлсэн нь цөөн. Тэвчээр, мэдрэмж, ухаан, санхүү шаарддаг адал явдлын адармаатай ертөнцөд амжилт гаргах тийм ч амар биш. “Авто ралли”, “Мастер кросс”, “Баха 250”-д аваргуудтай мөр зэрэгцэн уралддаг түүний хүртсэн шагналуудыг нэгбүрчлэн дурдвал сонины нэгээхэн хуудас даанч багадна. Хүссэн бүхний зориглодоггүй уралдааны талбараас спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр удам дамжсан тамирчин. Аав Ц.Ганбат нь 1990-ээд оны дундуур УАЗ ангилалд тоос өргөсөн анхдагчдын нэг. Өөрийг нь дуурайж эл спортод хөл тавьсан охиндоо айдсаа давж, эрсдэлгүй уралдах зориг, сэтгэлийн хат, овсгоо самбаатай байхыг зөвлөдөг аж. Уралдаанаас уралдаанд туршлага хуримтлуулж, өдгөө шилдгүүдийн энд хүрсэн түүнтэй ярилцлаа.
-Авто спортод зөвхөн эрчүүд бус, эмэгтэйчүүд ч амжилт гаргаж болдгийг харуулсан тэр уралдаанаас хойш та 10 жилийг ардаа үдсэн байна.
-Миний хувьд охид, бүсгүйчүүдэд урам өгөх зорилгоор уралдааны талбарт хурд сорьж байлаа. Гараанаас гарсан тэр өдрөөс хойш цаг хугацаа хурдан өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд аваргуудын ур чадвараас суралцан, туршлага хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлсэн. Тэр хэрээр олон саадтай тулгарсан ч даван туулаад ард нь гарсандаа баярладаг.
-Уралдааны талбарт УАЗ-ын мөр гаргаснаа одоо эргээд нэг харвал сонирхолтой дурсамж хуваалцах болов уу?
-Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулдаг мөсөн замын авто уралдааны жийп ангилалд оролцож, тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Тус тэмцээн хойшид уралдах итгэл, зориг төрүүлснээр Монгол-Хятадын олон улсын холын зайн “Говь ралли”-д өрсөлдсөн юм. Дараа нь “Baja Mongolia” өндөр ур чадвар шаарддаг тэмцээнд оролцож, аваргын техникээс суралцсан. Гэхдээ сэтгэлдээ бол “Мастер кросс”-ын УАЗ ангилалд уралдахыг нууцхан мөрөөддөг байв. 2016 онд уг ангилалд анх уралдсан Ариунтуяаг өнөөгийнхтэй харилцуулахад техникийн эд ангийн талаарх мэдлэг, уралдах арга барилаа хэрхэн сайжруулах туршлага чамгүй хуримтлуулжээ.
-Тамирчдад аз, амжилт дагуулдаг олон зүйл бий. Ягаан өнгөтэй УАЗ-ыг барианд орохыг харах гэж үзэгчид догдолж хүлээдэг болсон шүү дээ.
-Дархан-Уул аймагт болдог “Чингис мастер кросс”-оос цөөнгүй медаль хүртсэн, 02 дугаартай уралддаг Б.Батзоригоос шар өнгөтэй УАЗ авахад “Чи ямар өнгөөр будмаар байна. Хүссэн өнгөөр чинь будаад өгье” гэхэд нь “Тас хар өнгөөр будна” гэв. Гэтэл “Эмэгтэй хүний уралдах машинд хар өнгө зохихгүй. Чи өөр өнгө сонго” гэж зөвлөхөд нь ягаан өнгийг сонгож, уралдаанд өмсөх хувцсаа ч гэсэн ижилсүүлэхээр Гавьяат тамирчин Д.Болдбаатар аваргын ээжээр оёулж билээ. 84 дугаар эзэндээ олон шагнал авчирсан. Уралдаанд оролцохоор дугаар сонгоход 14, 84 үлдсэн байв. Түүнээс хойш энэ дугаартайгаа олон тэмцээнд оролцож байна.
-Спорт сонирхогчид таныг тамирчдаас хамгийн өндөр боловсролтой нь гэж ярихыг цөөнгүй сонссон. Уралдаж байхдаа гурван дээд сургуульд суралцаж, төгссөн юм билээ.
-Удирдлагын академид төрийн захиргааны менежментийн чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалах хугацаандаа 10 гаруй уралдаанд өрсөлдлөө. Бэлтгэл хийж, тэмцээнд оролцох гээд завгүй явсан ч бүхнийг амжуулж, сургуулиа амжилттай төгссөн. Магистрын зэрэг хамгаалах судалгааны ажлыг минь удирдсан доктор Л.Отгонтуяа багш “Чи хичээлдээ ч, уралдаандаа ч сайн байгаарай. Хүн завгүй байх тусмаа олон зүйлийг амжуулдаг юм шүү” гэж хурцалсан. Би өмнө нь Японд ахлах сургуульд суралцсан юм. Тэндээс эх орондоо ирж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэн төсөв, төрийн санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Дараа нь тус сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд эчнээгээр англи хэлний орчуулагч мэргэжлээр сурсан. Эзэмшсэн мэргэжил минь алхам тутамд хэрэг болдог. Мэргэжил, хэлний боловсролоо ашиглаад гадаадын судлаачидтай хамтран төсөл хэрэгжүүлсэн.
-“Дакар ралли” авто спортынхны сонирхлыг хамгийн их татдаг. Хэдхэн хоногийн дараа өндөрлөх уг уралдааныг та ч гэсэн дурлаж үздэг байлгүй.
-Миний сонирхож хардаг уралдааны нэг бол “Дакар ралли”. Саудын Арабын элсэн цөлд үргэлжилж буй уг уралдаан Монголын цагаар шөнө голдуу эхэлдэг. Мотоциклын төрөлд оролцож буй ОУХМ П.Мөрөнгийн барианд орох мөчийг нойроо хугаслаад догдлон үзэж байгаа.
-Алдарт тэмцээний уудам талд уралдах сан гэх хүсэл мөрөөдөл төрдөг биз?
-Хүсэл мөрөөдлөө биелүүлж хэзээ нэгэн өдөр уралдана гэж боддог. Дээрх тэмцээний мотоцикл, автомашины төрөлд оролцож буй эмэгтэй тамирчдын зориг, ур чадвараар их бахархдаг. Тэднээс Испанийн аварга Лайя Санз өмнө нь “Дакар ралли”-д мотоциклын төрөлд уралддаг байв. Тэрбээр мотоциклоос зодог тайлж, энэ удаа автомашины ангилалд өрсөлдөж байна. Авто спортоор олон жил хичээллэсэн миний зорилго бол эл уралдаанд оролцох. “Мастер кросс”-т уралддаг маань нэг л өдөр зорилгоо биелүүлэхэд хэрэг болох тул өөрийгөө хангалттай бэлдэж байгаа.
-Хад, асга, элсэн манхан, бартаа нь Монголын замтай төстэй санагддаг.
-“Baja Mongolia” бартаат замын холын зайн уралдаанд өрсөлддөг тамирчид “Дакар ралли”-д туршлагаар дутахгүй. Монголын тамирчдаас зарим нь элсэн манханд уралдах бэлтгэлээ Өмнөговь аймагт очиж хийдэг. Саудын Арабын газар зүйн байрлал, цаг агаар, уур амьсгал Монголын намрын улиралтай төстэй. Энэ нь манай тамирчдад давуу тал болдог байх. Авто, мото спортын уралдаан нэр хүндтэй, өртөг өндөртэй. Гадаадын орнуудын тамирчид зөвхөн уралдаандаа анхаарал хандуулж, хөрөнгө санхүү, зорилго тэмүүллээ зориулдаг. Тэгвэл Монголын тамирчид хувиасаа зардал гаргаж, уг уралдаанд оролцоход эдийн засгийн хувьд амаргүй. Үүнийг бодлогын хүрээнд дэмждэг байгаасай.
-Спортын талбарт бэртэж, гэмтдэггүй тамирчин ховор. Та ч гэсэн ийм зүйлтэй тулгарч л байсан даа.
-Миний хувьд 2022 он бие, сэтгэл зүйн хувьд хүнд жил байлаа. Дараа жил нь “Baja Mongolia”-д уралдахдаа баруун гарынхаа сарвууг гэмтээсэн. Авто спортын тамирчин бэртэлгүй байж “Мастер кросс”-т уралдах УАЗ-ынхаа жолоог дийлнэ шүү дээ. Бэртлийн улмаас дэглэм сахиж, уралдаанд оролцолгүй хэдэн сар өнжсөн. Тэр хугацаанд намайг үгүйлж байгаа нь үзэгчдээс мэдрэгдсэн. Бэртсэн үедээ “Зүгээр нэг хэвтэхгүй шүү. Энэ хооронд санхүүгээ ч босгохын төлөө зүтгэе. Би одоохондоо жолоогоо дийлэхгүй ч үзгээ бол дийлнэ шүү” гэж бодоод өөрийгөө хурцалдаг байв. Бэртлээ эдгээгээд уралдааны талбарт эргэн ирэхэд хөгжөөн дэмжигчид сэтгэл өндөр хүлээж авсан. “Мастер кросс”-т олон тамирчин уралддаг тул өрсөлдөөн ихтэй. 70 гаруй тамирчинтай ана мана өрсөлдөхөд маш их зориг, тэвчээр, ур чадвар шаардана. Аваргуудтай мөр зэрэгцэж уралдахад дэмжиж үздэг үнэнч фэнүүдийн минь дуу хоолой их нөлөөлдөг. Тэр дундаа Дархан-Уул аймагт болдог “Чингис мастер кросс” үзэгч олонтой. Тэнд 100 гаруй мянган хүн цуглаж, уралдааныг сэтгэл догдлон үздэг. Эрсдэл ихтэй ч бэртэхгүйгээр уралдаж, үзэгчдийг баясгах нь чухал.
-Тамирчид ихэнх мөнгөө техникийнхээ засварт зарцуулдаг гэдэг. Та тэр бүхнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Миний уралддаг УАЗ жингийн хувьд хүнд, өндөр болохоор бусдын техникээс хоцрогдсон. Тамирчид 92 мотороор уралдах дүрэмтэй. Гэтэл орос моторыг АНУ, БНХАУ-д ч үйлдвэрлэдэг. Техникийн шинэчлэл, хөгжлийг дагаад санхүүгийн асуудал яригдана. Уралдаанд оролцохын тулд бүх зүйлээ эртнээс төлөвлөх шаардлагатай болдог юм.
-Автомашин, мотоцикл эрсдэл ихтэй спорт. УАЗ ангилалд уралдах бүр ч хэцүү. Өндөр хурд гаргаж амжилтад хүрдэг гэлцдэг.
-Манай гэр бүлийнхэн авто спорттой ойр учраас ойлгож дэмждэг. Намайг хөл тавихад сэтгэл зовниж байгаа нь анзаарагдсан. Одоо бол миний хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч болсон шүү дээ. Аав авто спортын анхдагчдын нэг. 1996-2000 он хүртэл УАЗ ангиллын “Батхүлэг” уралдаанд оролцсон. Багадаа аавынхаа машины кабинд нь сууж, уралдаан болгоныг нь алгасахгүй үздэг хүүхэд байлаа. УАЗ-аар уралдахад надад гол тулгуур болсон хүн бол аав минь. Бие, сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж, бэртэхгүй уралдахыг одоо ч зөвлөдөг. Би учиргүй сэтгэл догдолж хөөрдөг бус, аливаа зүйлийг тооцоолж, төлөвлөдөг насандаа тамирчин болсон. Тиймээс карьераа хэрхэн үргэлжлүүлэх, бас хэзээ зогсоохоо мэднэ. Миний хувьд хэзээ нэг өдөр зодог тайлна шүү дээ. Тэр үед сайн эзэгтэй, ээж байхыг л хүснэ.
-2025 онд хэрэгжүүлэхээр зорьж буй зүйлээсээ сонирхуулаач.
-Миний хувьд энэ онд болох цуврал тэмцээнээс гадна “Мастер кросс”, “Baja Mongolia” олон төрөлт бартаат замын уралдаанд оролцоно. Тамирчид “Дакар ралли”-д хоёр сар бэлтгэл хийгээд оролцдоггүй. Хоёр жилийн өмнөөс уралдах техникээ бэлддэг. Мөрөөдөж байгаа зүйл минь энэ ралли тул зорилгоо биелүүлэхийг хичээнэ. “Баха 250” тэмцээнд цөөнгүй жил уралдсан тул туршлага хуримтлуулсан. Эхний хэдэн жил шилдгүүдээс суралцсан бол одоо хэрхэн уралдах талаар бодож, техникийнхээ эд ангийг сайжруулахад анхаарал хандуулж байгаа.
-Дотоод ертөнц рүү тань өнгиймөөр санагдлаа. Та яг ямар хүн бэ?
-Дайчин, нээлттэй, нийтэч зантай. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, гэхдээ хаана гаргахаа мэддэг. Хүнд худлаа хэлдэггүй, сэтгэл зүрхээ сонсоно. Би бусдад таалагдах гэж хичээдэггүй. Хэн нэгний дутагдлыг нүүрэн дээр нь шударга хэлдэг. Шулуун, түс тас зан минь зарим хүний дургүйг хүргэдэг л байх. Хүүхэд байхаасаа өдий хүртэл төлөвшсөн зан болохоор одоо тэгтэл их өөрчлөгдөхгүй биз. Манай гэрийн бүх зүйл эмх цэгцтэй. Японд амьдрахдаа энэ бүхнийг баримталж сурсан.
-Аваргуудаас хэнийх нь ур чадвараар бахархдаг вэ?
-36 дугаартай уралддаг Л.Ариунболд олон жил тууштай хичээллэж, амжилт гаргасан. Дунд үеийнхнээс Сэлэнгэ аймгийн 18 дугаартай тамирчин Н.Одсүрэн сайн уралдаж байна. Тэрбээр хэдэн жил завсарлаад эргэж ирсэн. Залуучуудаас 107 дугаартай оролцдог Ч.Батчулуун тэмцээнээс тэмцээний хооронд ур чадвараа ахиулж байгаа тул ирээдүйд аварга болно гэж итгэдэг. Энэ ташрамд, намайг анх уралдсан цагаас өнөөг хүртэл тууштай дэмжсэн гэрийнхэн, найз нөхөд, авто спортын эрдмээс харамгүй зааж, зөвлөсөн ахмад тамирчид, уралдааны талбар өрсөлдсөн ч зоригжуулж хурцалдаг аваргуудад, жил бүр болдог “Мастер кросс” уралдааны эгзэгтэй мөч, гал гарсан, сонирхолтой өрсөлдөөн, ховор агшныг дуран авайд буулгаж, олонд толилуулдаг Баку буюу Ж.Батбаатар ахдаа баярлаж талархсанаа илэрхийлье.