Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсээр хийсэн мал, тэжээвэр амьтны тооллогын урьдчилсан дүнгээр 21 аймаг, нийслэлийн 192.4 мянган малчин өрх 57.6 сая толгой мал тоолуулжээ. Манай орны нийт нутгийн 60 орчим хувьд нь өдгөө цасан бүрхүүл тогтоод буй. Үүнээс Увс аймгийн Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэр сумд 22-35, бусад нутагт 1-10, гуу жалга хунгарласан газруудад 50 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Нийтдээ зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 12 аймгийн 37 сум зудархуу нөхцөл байдалтай байгаа аж. Тиймээс Ховд, Увс, Архангай, Баянхонгор аймгийнхан аюулгүйн нөөцөөсөө малчдад өвс, тэжээл хүргэж эхэлжээ. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 9.1 мянган малчин өрх 4.4 сая толгой малтай отроор өвөлжиж буй тул тэдэнд нийгмийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран үзүүлж буйгаа салбарын яамныхан мэдээлсэн юм.
О.Оргилох