Монголын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано майнинг” хувьцаат компанитай энэ сарын 17-нд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Монголын талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулсан юм.
Үүний хүрээнд цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд болох 68.9 мянган тонн уран олборлох аж. Ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг Засгийн газар онцлов. Мөн төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрахаас Орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулна гэлээ. Тухайлбал, ашигт малтмал олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд үр өгөөжийн 51-ээс доошгүй хувийг манай улс жил бүр хүртэхээр гэрээнд тусгажээ. Монголын талын хүртэх өгөөж 51 хувьд хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэх тал өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөр төлнө гэж “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт дурдав.
Ураны төслийг хэрэгжүүлэхдээ Казахстан улсын сайн туршлагыг нэвтрүүлэх бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангахаа талууд онцолсон. Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн, уран олборлох шинэ техник, технологийг Монголд нутагшуулж, нарийн мэргэжлийн, өндөр түвшний 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэхээ илэрхийллээ.
Франц улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан “Зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно. Бид цаашид харилцаагаа бүх түвшинд гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхан, тусгаар тогтнолын төлөө хамтран ажиллана. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэх бөгөөд энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд Монголын талтай нягт хамтран ажиллах юм” гэв.
Төсөл хэрэгжүүлэх хугацаанд Зүүнбаянгийн төмөр замыг өргөтгөж, 160 км авто зам тавьж, 500 хүн амтай жижиг тосгон байгуулна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал мэдээлж байсан юм. Мөн зардлын шинжтэй төлбөр, хураамжийг Монголын талын өгөөжид тооцуулахгүй, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын өгөөжид хоёр хувиар тооцож байгаа гэв. Түүнчлэн аюултай хог хаягдлын менежментэд 2.3 сая, хүхрийн хүчлийн үйлдвэр барихад 96.2 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн зэргийг сайд Н.Учрал дурдаж байлаа.
Талууд ураны төслийн гэрээнд гарын үсэг зурах үеэр иргэдийн төлөөлөл төв талбайд жагсаал зохион байгуулсан. “Ураныг зогсоо”, “Монгол цөмийн хаягдал булшилдаг орон биш”, “Онгон дагшин байгалиа хамгаалъя” гэх зэргээр бичсэн лоозонг иргэд барьсан байв. Уран олборлох нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзсэн иргэд дээрх төслийг эсэргүүцсээр буй билээ.
М.Оч