Монголчууд бид техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн, нүдэнд харагдаж, гарт баригддаггүй цахим ертөнцөд “амьдарч” буй билээ. Интернэт сүлжээ байгаа нөхцөлд орон зай, цаг хугацаа хязгаарлахгүй, хаанаас ч хандаж болох нь цахим орчны давуу тал. Төхөөрөмж нь байгаа л бол Монгол орны хөвч тайгын уулын мухар, говь цөлийн хаанаас ч цахим сүлжээнд холбогдох боломжтой. Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан хууль бус үйлдлүүд гаарч, иргэд эд хөрөнгө, амиараа хохирох явдал ч гарсаар.
Үүний зэрэгцээ цахим зээлийн бүтээгдэхүүн гаргадаг аж ахуйн нэгжийнхэн хууль зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан гар утсанд суурилсан зээлийн бүтээгдэхүүний үйлчилгээ нэвтрүүлж, ашиг олдог аж ахуйн нэгжийнхэн хууль зөрчих явдал гаргаж байгаа юм. Зарим иргэн олон нийтийн сүлжээнд цахим зээлийн үйлчилгээний талаар шүүмжлэх нь ч бий. Тухайлбал, нэгэн иргэн “Зээлийн аппликэйшнүүд ямар ч барьцаагүй шууд зээл олгож байгаа нь иргэдийг санхүүгийн дарамт, өрөнд оруулдаг болсон. Аппликэйшнээс зээл аваад төлж чадахгүй болонгуут дараагийнхаас нь аваад өрөнд орох нь их байна. Хяналт тавьдаг, сэрэмжлүүлдэг хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй болжээ” хэмээн бичсэн байв. Ажилгүйдэл, ядуурал их, инфляц өндөр байгаа учраас иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч, нэг аппликэйшнээс зээл аваад нөгөөгөө төлж байгаа нь бодит байдал билээ. Тиймээс иргэд цахим орчны хэрэглээ, мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг сануулах үүднээс бодит баримтад тулгуурлан мэдээлэл хүргэе.
Хууль зөрчсөн “Сторпэй”-г 40 саяар торгов
Хүний хэрэглээ алганд багтдаг болсон энэ цаг үед цахим зээлийн аппликэйшнүүд иргэдийн мөнгөний хэрэгцээг хангахад дэмжлэг болж буй. Энэ эрэлтийг дагаад зээл олгодог аппликэйшн олширсон. Гэвч зарим нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчиж байна. Үүний тод жишээ нь Сингапурын хөрөнгө оруулалттай “Сторпэй” гэх аппликэйшний эрх бүхий албан тушаалтнуудын өдүүлсэн үйлдэл.
Санхүүгийн зохицуулах хорооныхон “Стор пэй” ХХК-ийн санхүүжүүлсэн уг аппликэйшнийг судлаад банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд тухайн үйл ажиллагаа эрхэлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд зөрчлийн хэрэг нээжээ. Улмаар тус компанийг банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 11.5-1 дэх хэсгийг үндэслэн 40 сая төгрөгөөр торгосон байна.
Үүнийг нь “Стор пэй” ХХК-ийнхан эсэргүүцэж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэд гомдолдоо “Монгол Улсад хуулиар тухайлан зохицуулаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BNPL (одоо аваад, дараа төл) үйлчилгээг иргэний эрх зүйн харилцаанд хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчмыг удирдлага болгон гэрээний үндсэн дээр эрхэлж байна. “Сторпэй” үйлчилгээ нь төлбөрийн бодит хэмнэлт, боломжийг бий болгодог тул компанийн үйл ажиллагаа явуулах хугацаанд хэрэглэгч, хамтран ажилладаг мерчант аж ахуйн нэгжүүдээс эрх бүхий байгууллага болон манайд хандсан гомдол, санал гаргаж байгаагүй. Тус аппликэйшний хувьд мерчант нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулж, хэрэглэгчээс төлбөрийн үүргийг шаардах эрхээ гэрээний дагуу “Стор пэй” ХХК-д шилжүүлж, тус компани нь хэрэглэгчээс бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнг шаардах эрхээ “Сторпэй” аппликэйшнээр дамжуулан хэрэгжүүлдэг. Энэ нь факторингийн үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан явуулж байгаа. Монгол Улсын хуулиар “одоо аваад, дараа төл” буюу хуваан төлөх үйлчилгээг тухайлан зохицуулаагүй. Мөн факторингийн үйлчилгээг ч нарийвчлан зохицуулсан зүйл байдаггүй. Гэтэл ганцхан хуулийн тодорхойлолтыг үндэслэн энэ үйлчилгээнд хамааруулж Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн.
Олон мерчанттай гэрээ хийж, хэн нэгэн хуваан төлөх үйлчилгээ сонгоход санхүүжилт шаардлагатай учраас хөрөнгө оруулалт хэрэгтэй тул энэ зорилгоор 2021 оны хоёрдугаар сард Сингапураас хөрөнгө оруулалт авсан. Хөрөнгө оруулагч мөн Монгол Улсад энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр зохицуулаагүй, ямар нэгэн зохицуулалттай үйл ажиллагааны эрсдэл, том нэмэлт зардал байхгүй тул хөрөнгө оруулагчийн эрх ашиг мөн хамгаалагдах ёстой. Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагын зах зээлийг хамгаалах үүднээс ийм үндэслэлгүй шийдвэр үйл ажиллагаа явуулж байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн тодотгожээ.
Хөрөнгийг нь хураах заалттай ч хэрэгжүүлсэнгүй
Сингапурын хөрөнгө оруулалттай “Стор пэй” ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооноос хянан шалгаад үйл ажиллагаа нь факторингийн үйлчилгээний шинжийг агуулж байна гэж үзсэн байдаг. Факторингийн үйлчилгээ гэдэг нь жижиг, дунд бизнес эрхлэгч эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зорилгоор авлагаа барьцаалан факторингийн компаниас санхүүжилт авах үйл ажиллагааг хэлдэг аж. Өөрөөр хэлбэл, нэг талаас худалдагч, нөгөө талаас худалдан авагч, факторингийн компанийн хооронд үүсдэг гурван талт харилцаа гэнэ. Манай оронд төдийгүй олон улсад байх нийтлэг нэг төрөл нь худалдагч тал нэхэмжлэхийг худалдан авагчид үүсгэн, төлбөрийг нь шилжүүлэх буюу факторингийн компани үүссэн нэхэмжлэхийн дагуу худалдан авагч тал нөхцөлийг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг худалдагч талд шилжүүлэх үйл ажиллагаа байдаг. “Стор пэй” ХХК мерчант байгууллагатай гэрээ байгуулдаг. Тус компанийн үйл ажиллагаа нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтад хамаарч буй гэнэ. Тухайлбал, энэ хуулийн 4.1.2-т “факторингийн үйлчилгээ” гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг ойлгоно” гэжээ. Мөн эл хуулийн 7.1-т Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно гээд 7.1.2-т нь факторингийн үйлчилгээг заасан бол, 8.1-т “Энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1- 3-т заасан болон дараах баримт бичгийг бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ” хэмээн хуульчилсан байна. Эдгээр зохицуулалтаас үзвэл “Стор пэй” ХХК нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг зөрчсөн байх юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ч тухайн компанийг хууль зөрчсөн байх тул Санхүүгийн зохицуулах хорооноос 40 сая төгрөгөөр торгож шийтгэл оноосон шийтгэврийн хуудас үндэслэлтэй гэж дүгнэжээ. Тодруулбал, “Нэхэмжлэгч “Стор пэй” ХХК-ийн “Сторпэй” аппликэйшний үйл ажиллагаа нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу мерчантын шаардах эрх нь тус гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжиж, үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хэрэгжүүлж, худалдан авагч нь тус компанийн нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг мерчанттай байгуулсан гэрээний дагуу бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний дүнгээс холбогдох хүү, төлбөрийг хассан дүнг шилжүүлж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан мерчантын гэрээгээр тогтоогдож байх тул дээрх хуульд заасан факторингийн үйлчилгээ гэж үзэхээр байна. Тус компани нь хэрэглэгчид төлбөрийг хуваан төлөх нөхцөлийг санал болгож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор алданги тооцохыг гэрээнд тусгадаг. Уг нөхцөлийг дүгнэж үзвэл банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон нь үндэслэлтэй байна” гээд “Стор пэй” ХХК-ийнхны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Уг нь тус компанийг торгосон Зөрчлийн тухай хуулийн 11.5-1 дэх хэсэгт “Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг ч Санхүүгийн зохицуулах хорооныхон хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй гэсэн үг. Энэ талаар шүүхийн шийдвэрт “Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 11.5-1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн арга хэмжээ оноохдоо торгохоос гадна хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах нэмэлт зохицуулалтыг хэрэглээгүй байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэх үндэслэлээр дүгнээгүй болно” хэмээн тодотгосон байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн “Стор пэй” ХХК-ийн захирал, эцсийн өмчлөгч Н.Хангал өмгөөлөгчдийнхөө хамтаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн аж. Гэвч “Стор пэй” ХХК-ийнхан Улсын дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд хэргийг хэлэлцэхийн өмнө нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Тодруулбал, “Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа, факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон” гэх үндэслэлээр тус компанийнхан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт хүргүүлснийг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимынхан хүлээн авч хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Хувь хүний мэдээлэлд халдсан “Лэндмн”-д сануулга өгөөд л орхисон уу
Иргэдийн хамгийн сайн мэдэх нь Лэнд.мн гэх аппликэйшн. “Лэнд.мн ББСБ” ХК-ийн бүтээсэн энэ финтек бүтээгдэхүүний хэрэглэгчдийг цахим залилагчид отоод сууж байдаг талаар бид өнгөрсөн оны есдүгээр сард дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Тодруулбал, тус компанийн фэйсбүүк дэх албан ёсны хуудасны коммент хэсэгт иргэд зээл авах хүсэлтээ байнга оруулдаг. Тэнд коммент бичсэн иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаар хандаж залилсан хэргүүд гарах болсон юм. Жишээлбэл, нэгэн хуурамч хаягнаас “Би Лэнд.мн-ийн ажилтан байна. Та надтай тодорхой хувь тохироод зээл авч болно” гэсэн утгатай зурвас илгээдэг байж. Үүнийгээ нарийн төлөвлөж, бэлдсэн байсан гэдэг. Уг цахим залилангийн хэргийг үйлдэгч этгээд дээрх пэйж хуудсанд хандсан иргэдийн мэдээллийг нарийвчлан шүүгээд хохирогчоо олзолдог байсан юм.
Тэгвэл эл аппликэйшн буюу ББСБ-ын ажилтан нь хүний хувийн мэдээлэлд хууль бусаар нэвтэрч байсан хэрэг өдүүлсэн ч хариуцлага хүлээлгэсэнгүй. Монголчууд аливаа банк, санхүүгийн байгууллагад хувийн мэдээллээ бүгдийг нь гаргаад өгдөг. Банк, санхүүгийн байгууллагынхан жирийн иргэдийн хувийн мэдээллийг дураараа нэхэж аваад, хамгаалах, нууцлах үүргээ төдийлөн биелүүлдэггүй гэхэд хилсдэхгүй. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ гэж хуульчилсан. Эл хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүн мэдээллийн эзний зөвшөөрлөөр, хуульд заасан үндэслэлээр, хуульд заасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааны явцад мэдээлэл хариуцагч эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх, гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор хүний хувийн мэдээллийг ашиглах ёстой.
Хуульд ийн тодорхой заасан байтал “Лэндмн ББСБ” ХК-ийн харилцагчийн зөвлөхөөр ажиллаж байсан С.А гэх хүн байгууллагынхаа эрхийн дагуу олж авсан иргэний хувийн мэдээллийг ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон аж. Тодруулбал, иргэн М.О-ийн хувийн мэдээллийг ашиглан “Лэндмн” аппликэйшнээсээ тухайн хүний нэр дээр 250 мянган төгрөгийн зээл авсан байгаа юм. Улмаар уг зээлсэн мөнгөө С.А өөрийнхөө танилын ХААН банкны данс руу шилжүүлэн авч, өөрөө ашигласан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаа, прокурорын байгууллага шалгасан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүй өнгөрсөн байгаа юм. Уг нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2024 оны тавдугаар сард “Лэндмн ББСБ” ХК-ийн харилцагчийн зөвлөх С.А нь ажил үүргийнхээ дагуу олж авсан иргэний мэдээллийг ашиглан гар утасны аппликэйшнээр зээл авсан гэх хэрэгт хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалтыг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сануулсан прокурорын мэдэгдэл тус компанид хүргүүлж байв. Уг мэдэгдлийг өгснөөс хойш хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.
Тэгэхээр иргэд, уншигчид та бүхэн хувийн мэдээллээ хамгаалах, амар хялбар аргаар мөнгөтэй болох, зээл авахдаа тухайн аппликэйшн, ББСБ-ынхан хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй, эсэхийг хянаж, болгоомжтой хандах нь эрсдэлээс хамгаална гэдгийг сануулъя.