Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус улсын Төрийн тэргүүн Анкара дахь ордон цогцолбортоо ёслол төгөлдөр угтан авсан юм. Хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөв.
Стратегийн түншлэл тогтоосон ес дэх орон
Монгол Улсын Ерөнхийлөгч 21 жилийн дараа БНТУ-д айлчилсан бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиосноороо онцлог байв. Монголоос Ерөнхийлөгч Н.Багабанди тус улсад 1998, 2004 онд айлчилж байжээ. Манай улс Турктэй иж бүрэн бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд 2011 онд тус улсыг Монголын “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлсон юм. Харин энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, БНТУ хооронд Стратегийн түншлэл тогтоосон тухай хамтарсан тунхаглалд хоёр орны Төрийн тэргүүн гарын үсэг зурав. Ингэснээр Турк улс Монголтой стратегийн түншлэл тогтоосон ес дэх орон боллоо. Өөрөөр хэлбэл, хоёр улс хоорондын харилцааны түвшнийг шат ахиулж, харилцан ашигтай, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлсэн билээ. Хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал, хамтарсан тунхаглалаас гадна залуучууд, спорт, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын гурван хэлэлцээр, уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай эрмэлзлийн бичиг болон бусад салбарт хамтрах долоон санамж бичигт хоёр улсын сайд нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Б.Батцэцэг: Хоёр улсын дипломат харилцаа оргил үедээ хүрэв
Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, БНТУ-ын Эрчим хүч, байгалийн нөөцийн яам хоорондын эрмэлзлийн бичигт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд А.Байрактар нар гарын үсэг зурлаа. Талууд нүүрс олборлох, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл хэрэгжүүлж, салбарын чадавхыг бэхжүүлэх юм. Мөн хууль зүй, тэр дундаа ял эдлүүлэх салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Б.Батцэцэг сайд болон тус улсын Хууль зүйн сайд И.Тунч нар гарын үсэг зурсан билээ. Айлчлалын ач холбогдлын тухайд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа тэлж буй. Тэр дундаа хоёр урсгалтай боллоо. Өөрөөр хэлбэл, өмнөх 30-аад жилийн хугацаад ихэвчлэн гадагшаа чиглэсэн айлчлал хийж байсан бол сүүлийн үед айлаас манайд зочид олноор ирж байна. Айлчлал гэдэг харилцааны оргил хэсэг. Ялангуяа Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй төрийн айлчлал маш олон сэдвээр өрнөдөг. Монгол, Турк хоёр улсын харилцааны түвшнийг ахиулан, стратегийн түншлэлд хүрч байгаа нь айлчлалын гол амин чухал зүйл. Улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд бүх л салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, суурь баримт бичгүүдээ байгууллаа. Хоёр улсын тухайд 55 жилийн хугацаанд бид дипломат харилцаагаа үргэлж хөгжүүлж ирсэн. Тэр дундаа энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа хамгийн оргил үедээ хүрэв. Харилцан ашигтай, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх үүд хаалга, эрх зүйн орчин бүрдсэн. Ерөнхийлөгчийн айлчлал өөрийн гэсэн хэв маягтай болж, зохион байгуулалт өндөр түвшинд хүрсэн. Өндөр хөгжилтэй улс орнууд хүртэл манай улсаас суралцаж байна. Монголд айлчилсан бусад улсын Төрийн тэргүүнүүд манай Ерөнхийлөгчийг урьдаг болж. Манай улсын хүлээж авсан хэмжээнд хүрэхийг зорьдог болсон” гэв. Мөн тэрбээр “Гурван том асуудал ярьж, улс төрийн тохиролцоо хийлээ. Тухайлбал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хил шалгах, байгалийн гамшиг ой, хээрийн түймрийн үед хэрхэн ажиллах гэх мэт. Бид нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрт зочилсон. Дрон үйлдвэрлэгч компаниуд манай улстай хамтрах хүсэлтээ илэрхийллээ. Бид судалж байгаа. БНТУ-аас хөрөнгө оруулалт татах чиглэлд хоёр Ерөнхийлөгчийн найрамдал, итгэлцлийн бэлгэ тэмдэг болсон томоохон төслүүдэд ажиллах, тэр дундаа Монголын Засгийн газрын дэвшүүлсэн 13 мега төсөлд хамтран ажиллахад тус улсын компаниудыг оруулах саналыг Туркийн талаас тавьсан. Тэр дундаа Хархорум хотын бүтээн байгуулалт, олон улсын нисэх онгоцны буудал, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор зэрэг төслийн хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэгчдийг дэмжих, соёлын төв байгуулах, боловсролын салбарт тэтгэлэг нэмэх зэрэг олон асуудлыг ярьж, тодорхой шийдэл гаргалаа” гэсэн юм.
Туркийн Ерөнхийлөгч Монголд айлчлах нь
Айлчлалын гурав дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний үеэр Монгол, Туркийн иж бүрэн түншлэлийн харилцаа хоёр талын хүчин чармайлтын дүнд эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун буйгаа төрийн тэргүүнүүд илэрхийлсэн билээ. Мөн тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан уулзсан даруйдаа Монгол Улсад айлчлах тухайгаа дуулгав. Хэдийгээр айлчлалын товыг нууцалдаг ч энэ жил хариу айлчлал хийх нь. “Ийм богино хугацаанд төрийн айлчлал хийх нь асар чухал бөгөөд хоорондын ярьж, төлөвлөсөн зүйлүүдийг хөрсөнд буулгах хурдыг нэмнэ” хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолсон. Тиймээс холбогдох яамд хурдтай ажиллаж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Засгийн газар шуурхайлах ёстойг тэрбээр дурдав. Туркийн Гадаад хэргийн сайд Монголд түрүүлж айлчилж, бэлтгэл базаах гэнэ. Өөрөөр хэлбэл, Туркийн Ерөнхийлөгчийн Монголд айлчлах бэлтгэл ажил эхэлсэн гэж ойлгож болно. Ерөнхийлөгчийн айчлалд олон сар бэлддэг бөгөөд хамтарсан тунхаглалууд маш чухлыг хоёр талын сайд нар онцолсон билээ. Засгийн газрын түвшинд баталгаажуулсан баримт бичгүүд зүйл заалт бүрээрээ хэрэгждэг хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яриандаа онцгойлон санууллаа.
У.Хүрэлсүх: Бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олно
Стратегийн түншлэл тогтоосон тухай хамтарсан тунхаглалд хоёр орны Ерөнхийлөгч гарын үсэг зурсны дараа төрийн айлчлал, албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын “Алсын хараа 2050”, Турк улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлогыг харилцан уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтэц, агаарын болон төмөр замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Ойн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Түүнчлэн бүх төрлийн тээвэр, ложистикийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Туркийн хооронд төмөр замын ачаа тээвэрлэлтийн замнал бий болгох чиглэлээр хамтрах баримт бичиг байгуулж, Турк улсаас санаачлан хэрэгжүүлж буй Ази-Европыг холбох “Төмөр торгоны зам” буюу дунд коридорын төсөлд Монгол Улс хамрагдах боломжийн талаар ярилцсан. “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Туркийн ард түмэн, төр засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархдаг. Цар тахал, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн бэрхшээлтэй тулгарсан хүнд цаг үед хоёр улсын ард түмэн хамтдаа байж, хүний эрүүл мэндийг хамгаалах болон хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Тиймээс гамшгийн хохирлыг бууруулах, тэмцэх, газар хөдлөлт, ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, аврах, хор уршгийг арилгах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Түүх, соёл, боловсролын харилцаа нь манай хоёр орны ард түмнийг холбох чухал гүүр бөгөөд Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн түүхэн олдворууд, Туркийн Ван аймагт олдсон Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурь зэрэг бидний түүх, соёлын хосгүй өв, хөшөө дурсгалыг хадгалах, хамгаалах, сурталчлах, мөн эрдэмтэн судлаач, археологийн багийн ажлыг дэмжиж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.
Р.Т.Эрдоан: Худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэсэн ч бодит боломжоос доогуур үзүүлэлт
БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан “Монгол Улсаас манайд 21 жилийн дараа Төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж буйд баяртай байна. Би ойрын ирээдүйд Монгол Улсад хариу айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлье. Манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Бид харилцаагаа 2004 онд иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн. Өнөөдөр эрхэм андын хамт харилцааг улам ахиулах шийдвэр гаргалаа. Стратегийн түвшин тогтоосон тухай хамтарсан тунхаглалд бид сая гарын үсэг зурав. Энэхүү түншлэл нь манай хоёр улсад, бидний өвөг дээдсийн өлгий нутагт, Төв Азид, дэлхий дахинд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн боловсрол, байгаль орчин, залуучууд, спорт, эрчим хүч, зам, тээвэр зэрэг чухал салбарт хамтран ажиллахаар хоёр улсын яам, байгууллага хоорондын 11 баримт бичиг байгууллаа. Эдгээр баримт бичиг нь бидний харилцааны үндэс суурийг бэхжүүлж, өнөөгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болно. Бид Монгол Улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн томоохон мега төслүүдэд тулгуурлан барилга, дэд бүтэц, зам, тээвэр, батлан хамгаалах, аж үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт түлхүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьсон. Энэ хүрээнд харилцан хөрөнгө оруулалт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг хоёр улсын хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд уриалж байна. Бид худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх эхний зорилтоо давуулан биелүүллээ. Гэхдээ энэ нь бидний бодит боломжоос доогуур үзүүлэлт. Өнөөдрийн уулзалтаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Бидний харилцааны үндсэн тулгуурын нэг болох түүх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ нотоллоо. 1992 оноос хойш Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт олон монгол оюутныг хамруулж ирсэн бөгөөд цаашид улам нэмэгдүүлэхээр санал нэгдсэн. Түүхэн үнэт өвийн олдвор, Орхоны хөндийн чулуун бичээсийг хамтран хамгаалж, Хөшөө цайдамын музейг 2008 онд ашиглалтад оруулсан. Энэ удаа мэргэн Тоньюкукийн бичээсийг хамгаалах чиглэлээр Туркийн Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА-тай хамтран хэрэгжүүлж буй музейн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах зорилт тавьж байна. Өнөөдрийн уулзалтаар бид хоёр талын харилцаанаас гадна Сири, Палестин, Украин зэрэг бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар ярилцсан. Бид олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, үүнийгээ НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд бэхжүүлэхээр тохиролцлоо” гэв.
“Хавдар-2” эмнэлгийг хамтарч байгуулна
Монгол Улсад жилд 7000 орчим хүн хорт хавдраар өвчилж, 4500 иргэн нас бардаг гэсэн статистик бий. Энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэх тооцооллыг ДЭМБ хийсэн байна. Нас барагсдын 24 хувь нь хавдрын шалтгаантай байгаа бол дэлхийд энэ тоо 17 хувьтай аж. Гэтэл Монголд хавдартай өвчтөнүүдийн 70 гаруй хувь нь хожуу шатандаа оношлогддог. Тиймээс хавдраас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд манай улс “Хавдар-2” төвийг Сонгинохайрхан дүүрэг, Баянголын аманд 2-3 жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөөд буй. Монгол, Туркийн Эрүүл мэндийн сайд нар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан нь “Хавдар-2” төвийг ашиглалтад оруулах хугацааг хурдасгах зорилготой аж. Тодруулбал, 120 орчим сая долларын өртөгтэй “Хавдар-2” эмнэлгийг хамтарч байгуулахаар ярилцжээ. Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсаас тус улсад эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгджээ. Иймээс эрүүл мэндийн байгууллага хоорондын харилцааг ойртуулан бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин, эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилсан туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж. Түүнчлэн боловсролын салбарт хоёр улс багш, оюутан солилцох, хамтарсан төсөл, судалгаа хийх гэнэ. Харин залуучууд, спортын салбарт хувь хүн, нийгэм, соёл, урлагийн хүмүүжлийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацын санаачилгуудад залуучуудын оролцоог нэмэх, хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажиллах юм байна. Үүгээр зогсохгүй байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын салбарын сайд нар санамж бичиг байгуулсан билээ.
Мөн дэлхий нийтийн асуудал болсон цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод тарих, тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтрах юм. Ойн түймрээс урьдчилан сэргийлэхэд шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурлан дэвшилтэт арга нэвтрүүлсэн БНТУ-ын туршлагыг Монгол Улсын хөрсөнд нутагшуулахаар тохиролцлоо. Мөн тээвэр, дэд бүтцийн харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Туркийн тус салбарын сайд А.Уралоглу нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тухайлбал, төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, Европын орнуудаас БНТУ-аар дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судлах аж.
БНТУ-д хийсэн төрийн айлчлал өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр ач холбогдолтой болсныг улс төр судлаачид онцолж байна. Тухайлбал, МУИС-ийн улс төр, эдийн засгийн багш, судлаач А.Батцэцэг “Монгол, Турк улс нь түүхэн ач холбогдол бүхий нэгдмэл соёлын үнэт зүйлтэй, гүн бат найрамдалт харилцаатай орон юм. Харилцан итгэлцэл, эрх үүргийн хүрээнд ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаанд хоёр улс нэгнээ түшиж ирсэн түүхтэй. 2004 онд хоёр улс иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн цагаас ерөнхийдөө олон тал, салбарт хамтарч ирсэн нь түүхэн дэх гүн бат найрамдалт харилцааг улам хөгжүүлсэн. Төрийн айлчлал олон талын ач холбогдол, үр дүнтэй боллоо. Стратегийн түншлэлийг баталгаажуулсан тунхаглалд хоёр орны Ерөнхийлөгч гарын үсэг зурсан нь айлчлалын хамгийн чухал үйл явц юм. Стратегийн түншлэл гэдэг хоёр улс ирээдүйн хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой бөгөөд олон салбарт үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчны бүх нөхцөл бүрдсэн гэсэн үг” гэв.