Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНТУ-д хийж буй айлчлалын үеэр Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр тус улсын Худалдааны сайд Омер Болаттай уулзлаа.
Уулзалтаар арьс шир, ноос, ноолуур, уул уурхайн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Монгол Улс Халал стандартын шаардлага хангаж чадвал мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнээ Турк Улсад их хэмжээгээр нийүүлэх бүрэн боломжтой гэж үздэгээ туркийн тал илэрхийлсэн байна.
Мөн Турк Улсад боловсрол эзэмшсэн 2500 гаруй монгол залуус соёл, бизнес гээд олон салбарт хоёр орны ард түмний гүүр болон ажиллаж байгааг тэмдэглэв.
Төрийн айлчлалын хүрээнд Анкара хотноо Монгол, Туркийн бизнес, хөрөнгө оруулалтын уулзалт-форум боллоо. Форумд хоёр орны 230 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улс ойрын 2-3 жилд уул уурхайн салбарын бүтээмж, орлогыг хэд дахин нэмэгдүүлж, үйлдвэржилт, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжүүлнэ. Хятад, Япон, Европын зах зээлтэй холбогдож, Зүүн өмнөд Азитай интеграцид бүрэн орж байна. Туркийн талтай бизнес, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно” гэж форумын нээлтийн үеэр хэлсэн юм.
Турк Улс дэлхийн 137 улсад 1200 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буйг Худалдааны сайд Омер Болат хэллээ. Тэрбээр Туркийн аж ахуйн нэгжүүд Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаа илэрхийлэв.