Хөрсгүй, гидропоник ухаалаг технологи бүхий хүлэмжийг Дархан-Уул аймагт анх удаа барьжээ. “Венло” загварын уг хүлэмж нь 1000 ам метр талбайг хамарсан, ухаалаг, дөрвөн улирлынх гэдгээрээ онцлогтой. Дархан-Уул аймгийн “Их мориг” компанийн эзэмшил газарт “Батхүлэмж” ХХК-ийнхан хүлэмж барих ажлыг гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилтийн 30 хувийг хувийн хэвшлийнхэн гаргажээ. Харин 70 хувийг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагынхан хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийн хүрээнд шийдсэн байна. Уг хүлэмжид өргөст хэмхийн үрсэлгээгээ бойжуулж дуусаад, энэ сарын 20-ноос үндсэн тариалалт руу шилжүүлжээ. “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийн хүрээнд Дархан-Уулынхтай ижил загварын ухаалаг хүлэмжийг мөн Төв аймгийн Баянчандмань сумд барьж, ашиглалтад оруулаад буй гэнэ. Уг хоёр хүлэмжид тариалсан хүнсний ногоог ирэх гуравдугаар сараас эхлэн зах зээлд нийлүүлэх аж.