Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийнхэн хамтран өнөө жилийн Цагаан сарын баярыг хэзээ тэмдэглэх талаар өчигдөр мэдээлэл өглөө.
“ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш Л.Бямбажаргал “Монголын Төгсбуянтын зурхай сарны тооллыг 100 мянган жилд нэг удаа алдах өндөр нарийвчлалтайг 2002 онд тогтоосон. Тухайн үед зурхайч, эрдэмтэн судлаач, Ерөнхийлөгчийн шашны зөвлөх зэрэг олон хүн хамтран аль зурхайг баримталбал зохистой талаар нэлээд хэлэлцсэн юм. Ингээд Төгсбуянтын зурхай үндэслэлтэй юм байна гэж тохиролцсон. Монгол орны газар зүйн байршил, нар болон сарны хөдөлгөөнтэй энэ зурхай нарийн таардаг. Тиймээс үүний дагуу Цагаан сарыг гуравдугаар сарын 1-нд тэмдэглэнэ. Өнөө жилийн Цагаан сарын шинийн нэгэн тасарч байгаа. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш. 1925 оны хаврын тэргүүн сарын шинийн нэгэн бас тасарсан байдаг. Зурхайч Л.Тэрбиш гэдэг хүн дураараа шинийн нэгнийг таслаад байгаа юм биш шүү дээ. Тодруулбал, 1944 онд шинийн нэгэн тасарч, 1948 онд шинийн нэгэн давхцаж байсан” гэсэн юм.
Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээлэл, нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл “Цагаан сар нь хахир өвлийг давж, урин цагтай золгож буйн баяр юм. Богд хаант улс байгуулагдсанаас хойш бид Төгсбуянтын зурхайг албан ёсоор хүлээн зөвшөөрч дагасан. Мөн Засгийн газраас 2002 онд Төгсбуянтын зурхайг судалсан. Тэгэхээр түүх болон шинжлэх ухааны хувьд эргэлзээгүй нотлогдсон зурхайгаар бид Цагаан сараа тэмдэглэх ёстой шүү дээ. Эл зурхайн он цагийн тооллоор гуравдугаар сарын 1-нд Цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Өнөө жил шинийн нэгэн тасарсныг эрдэмтэд болон уламжлалт зурхайн ухаан нотолсон. Ирэх 100 жилд ч хоёр удаа шинийн нэгэн тасарна” гэлээ.
У.Цэцэгсүрэн