Нийтийн тээврээр зорчигчдын өнгөрсөн оны статистик мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компанийнхан гаргасан байна. 2024 онд иргэд нийтийн тээврээр давхардсан тоогоор нийт 142.7 сая удаа зорчсон байна. Энэ нь 2023 оныхоос 2.5 саяар өссөн үзүүлэлт юм байна. Гэхдээ төлбөрөө төлсөн зорчигчдын тоо 2023 оныхтой харьцуулахад 3.9 хувиар буурч, хөнгөлөлттэй зорчигч нь 11.6 хувиар өссөн дүн гарчээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард иргэд 13.8 сая удаа зорчсон нь дээд үзүүлэлтээр бүртгэгджээ. Харин долоодугаар сард хамгийн цөөн буюу 9.3 сая удаа зорчсон байна.
Мягмар гарагт нийтийн тээврээр хамгийн олон хүн үйлчлүүлдэг гэсэн дүнг дээрх компанийнхан гаргасан аж. Тэгвэл хамгийн олон хүн зорчдог чиглэл нь М:1 дугаарын Таван шар-Офицеруудын ордон гэнэ. Тус чиглэлийн автобуснуудаар иргэд жилийн хугацаанд давхардсан тоогоор 19 сая удаа үйлчлүүлжээ. Энэ нь 2023 оныхоос бараг 2.4 дахин нэмэгдсэн тоо юм байна. Нийслэлийн нийтийн тээврийн оргил ачаалалтай хугацаа нь өнгөрсөн онд 07.00-08.00, 16.00-17.00 цаг байжээ. “Umoney”-гоор автобусанд зорчдог иргэдийн 40.6 хувь нь гар утсаараа картаа цэнэглэж хэвшсэн нь 2023 оныхтой харьцуулахад 13.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.