Нийслэлийн гэр хорооллын гудамж, талбайн 10 хувьд нь гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй аж. Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, гудамж, талбайн эмзэг нөхцөлийн судалгааны тайланд ийнхүү дурдсан байна. Уг судалгааг Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хамтран хийжээ. Тайланд дурдсанаар Улаанбаатар хотын гэр хороололд 180 гаруй мянган өрх амьдардаг. Нийслэлийн 232.06 шоо метр талбайг гэр хороолол эзэлдэг. Гэтэл гэр хорооллын гудамж, талбайн 10 хувь буюу 20 гаруй шоо метр талбай нь хаалттайгаас гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин зорчих, эргэх, очих боломжгүй гэж дээрх судалгаанд онцолсон юм. Түүнчлэн гудамж, талбайн хаягжилт хангалтгүй, үерийн усанд өртөмтгий бүсийг ч судлаачид тодорхойлжээ.
Гал унтраах автомашин зорчих боломжгүй зам, мухар гудамжны судалгааг нийслэлийн зургаан дүүрэгт хийж, үерийн аманд суурьшсан, усанд автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан айлуудын мэдээллийг ч бас гаргасан аж. Жишээлбэл, гал унтраах автомашин хүрэх боломжгүй мухар гудамжны тоо Баянгол дүүргийн есдүгээр хороонд 27, 11 дүгээр хороонд 33, 16 дугаар хороонд 13 байгаа гэнэ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд 18, 10 дугаар хороонд 35 гудамж стандартын шаардлага хангалтгүй. Гудамж нарийсгасан, зам хааж хашаа барьсан, өндөрлөг газарт буусан зэрэг 396 байршлыг судлаачид тодорхойлсон байна.
Зам, талбай, эргэлтийн радиусын стандартыг мөрдөх, барьчихсан учраас яах ч аргагүй биш, заавал засуулах хэрэгтэй гэж судалгааны дүгнэлтэд тусгажээ. Түүнчлэн орон сууц, барилга, байгууламжийн ойр орчимд автомашин хэрхэн байршуулахтай холбоотой стандарт боловсруулах шаардлагатай гэж зөвлөсөн байна. Мөн гал түймрээс үүдэлтэй хохирлын зохих хувийг гал унтраах автомашины хөдөлгөөнд саад болсон тээврийн хэрэгслийн жолоочоор төлүүлэх, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ аваагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэргийг онцолсон байв.
А.Үүл