Тив, дэлхийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг тамирчдыг тодруулах томоохон өрсөлдөөн бол УАШТ байдаг. Найм дахь өдрөө үргэлжилж буй холбоодын нэгдсэн УАШТ-ээс медалийн эзэд тодорсоор байна. “Хан хиллс” спорт зааланд гурван өдөр өрнөсөн бадминтоны тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Хадун” клубийн тамирчин Э.Сумъяасүрэн финалын тоглолтод улсын 11 удаагийн аварга, ОУХМ О.Энхбатыг 21:12, 21:19-өөр буулган авч дөрөв дэх удаагаа түрүүлэв. Тэрбээр өмнө нь 2019, 2020, 2023 онд тэргүүн байр эзэлсэн юм.
Эмэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд Дорнод аймгаас оролцсон Д.Баярчимэг алтан медаль хүртлээ. Холимог хосын төрөлд О.Энхбат, М.Болор-Уянга нар алтан медаль хүртлээ. Өмнө нь ОУХМ О.Энхбат уг төрөлд 11 удаа аваргалж, М.Болор-Уянга хошой мөнгөн медальтан болж байжээ. Дэд байрт “Хадун”-ы Б.Баттөгс, “Shuttle” клубийн Г.Мягмарцэрэн нар шалгарав. Г.Мягмарцэрэн энэ удаа ганцаарчилсан төрөлд мөнгө, эмэгтэй хосын төрөлд түрүүлснээр гурав дахь медалиа авсан юм. Хүрэл медалийг “Хадун” клубийн хос болох Ж.Гэрэлсүх, У.Дэлгэрмаа нар хүртсэн. Ж.Гэрэлсүх өмнө нь эрэгтэйчүүдийн хосын төрөлд тав, холимог хосынход нэг алт, хошой хүрэл, У.Дэлгэрмаа холимог хосынход таван алт, нэг мөнгө, хошой хүрэл медальтай.
Тэгвэл эмэгтэйчүүдийн хосын төрөлд өрсөлдсөн Г.Мягмарцэрэн, Г.Уранзул нар өнгөрсөн жил удаалсан амжилтаа ахиулж, улсын аварга цолтон болж буй. Өмнөх тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Ч.Өнө-Энх, Э.Мөнх-Ундрал нар мөнгөн медаль дээр “буусан”. Харин аваргаа хамгаалахаар ирсэн Ч.Хулангоо, Г.Энхжиннар хоёр дахь хүрэл медалиа авчээ.