Авто спортын шилдгүүд өрсөлддөг алдарт “Дакар ралли-2025” уралдаан өндөрлөлөө. Саудын Арабын Бишагаас эхлүүлсэн тус тэмцээний сүүлчийн гараа Шубайта хотын элсэн манханд болсон. Монгол Улсаас мотоциклын төрөлд дэлхийн аваргуудтай мөр зэрэгцэн 141 дугаартай уралдсан ОУХМ П.Мөрөн замаа амжилттай дуусгажээ. Түүнийг уралдах явцад мотоциклынх нь моторт гэмтэл гарч, байр хойшилсон ч механикийн багийн тусламжтайгаар тэмцээнээ үргэлжлүүлсэн юм. 91 дүгээр байраас уралдаанаа эхлүүлсэн ч урагшилсаар 34-т оржээ. Тэрбээр 47 дахь удаагийн уралдаанд эх орноо төлөөлж оролцсон Монголын 13, мотоциклын төрөлд өрсөлдсөн долоо дахь тамирчин боллоо.