Холбоодын нэгдсэн УАШТ өндөрлөж спортоор амьсгалсан өдрүүдэд хүмүүс тамирчдын өрсөлдөөн, ялалт, гаргаж буй амжилтаас урам зориг, эрч хүч авсан. Тус тэмцээний төрөлд лазер гүйлт нэмэгдэх болсноор олны сонирхлыг татах болов. Уг спортоор цэрэг, хүчний байгууллагын тамирчид голдуу хичээллэдэг. Тамирчид гүйх явцдаа лазер гар буугаар өгөгдсөн зайнаас буудлага гүйцэтгэнэ. Энэ удаа оролцогчид эрэгтэй, эмэгтэйчүүд, сонирхогч, насанд хүрэгч, элит гэсэн ангилалд ур чадвараа сорив. Эрэгтэйчүүдийн сонирхогчдын ангилалд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, хилийн цэргийн 0303 дугаар анги, “Алтан шонхор” клубийн тамирчин П.Еламан түрүүлж, улсын аварга боллоо. Тэрбээр таеквондо, кикбокс, муайтай бокс зэрэг тулааны төрлөөр хичээллэдэг.
Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд мөн тус ангийн тамирчин, дэд ахлагч А.Буяндэлгэр хоёр дахь оролдлогоороо алтан медаль хүртэж, ахлах ахлагч Б.Давааням удаалав. Тэргүүн байрт шалгарсан А.Буяндэлгэр өнгөрсөн жилийн УАШТ-д медалиас мултарсан бол энэ жил амжилт ахиулж шагналын тавцанд зогслоо. Тэгвэл Б.Давааням 2024 онд уг төрөлд тэргүүлсэн бол энэ удаа байр ухарчээ. Хүрэл медаль хүртсэн Н.Номин хүчний байгууллагын тамирчин биш. Тэрбээр “Мир мебель” ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг бөгөөд 2023 онд хүрэл, өнгөрсөн жил мөнгөн медалийн эзэн болсон юм.