Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадын болон дотоодын их сургуульд суралцаж төгссөн хоёр оюутан байлаа гэж бодъё. Гадаадын их сургуульд суралцсан мэргэжилтэн дөрвөн жилийн хугацаанд харьцангуй өндөр буюу 300 орчим сая төгрөгийн санхүүжилт авчээ. Харин дотоодын сургуулиа “бараадсан” оюутан найман сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Тэдний аль аль нь гэрээний үүргээ биелүүлж, зээлээ цаг тухайд нь төлж чадахгүйд хүрч гэнэ. Гэтэл дотоодын их сургуульд оюутны хөгжлийн зээлээр сурсан суралцагчийн нэр л Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж, хариуцлагагүй зээлдэгчийн тоонд багтжээ. Бидний нэрлэдгээр “хар жагсаалт”-д орсон гэсэн үг. Харин түүнээс 37.5 дахин өндөр хэмжээний дэмжлэг улсаас авсан өнөөх суралцагч гэрээний үүргээ биелүүлээгүй ч нэр цэвэр үлдсэн аж. Гадаад зээлийн өр, Боловсролын зээлийн сангаас олгосон нийт санхүүжилтийг илтгэх ерөнхий тоон үзүүлэлт дотор л түүний төлбөрийн дүн багтсанаас өөрөөр нэр, түүх нь дурдагдсангүй, мэдээлэл нь ч ил болсонгүй.
Дээр дурдсан жишээ танд ямар санагдаж байна вэ. Дэндүү шударга бус байна уу. Ийм зүйл гэж юу байх вэ хэмээн эргэлзсэн үү. Харамсалтай нь, Монголд яг ийм шударга бус, гажууд тогтолцоо үйлчлээд, бугшаад удаж байна. Та болон таны гэр бүл, ойр дотнын, танилын хүрээний хэн нэгэн ингэж ялгаварлуулсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь манай улсын Засгийн газар Боловсролын зээлийн сангаар дамжуулан 1997 оноос хойших хугацаанд давхардсан тоогоор 1.4 сая орчим суралцагчид 1.3 их наяд төгрөгийн зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж олгохдоо дотоодод суралцагчдадаа яг ийм байдлаар “хатуурхаж”, хариуцлага тооцож ирсэн атал гадаад руу явсных нь толгойг илж, мэдээллийг нь хав дарж, нууцалсаар өнөөдрийг хүрлээ. 2023 оны хавар Боловсролын зээлийн сан тойрсон асуудал шуугиан тарьж, нийгмийн анхааралд ороход зээл, тэтгэлэг олгох журмыг чангатгах, шинэчлэх, шалгуурыг нь өндөрсгөх, реформын шинжтэй өөрчлөлтүүд хийх талаар шат шатандаа уулгалан ярьж байсан юм. Гэвч тус сангийн үйл ажиллагаа, мэдээлэл хэр нээлттэй, ил тод, шударга болсон бэ гэдгийг ганц үзүүлэлтээр авч үзэхэд л дээрдсэн зүйлгүй, ялангуяа гадаад зээл, тэтгэлэгтэй холбоотой мэдээлэл нууцлаг, хэн нэгний “тусгай хамгаалалт”-д хэвээр байна.
Өнгөрсөн хугацаанд олгосон нийт зээл, тэтгэлгийн 80 хувь буюу 900 гаруй тэрбумыг дотоодын их, дээд сургуульд элсэгчдэд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, нийт санхүүжилтийн дийлэнх хувийг дотооддоо оюутан залуусыг сургахад хуваарилсан гэсэн үг. Харин нэг хүнд олгож буй мөнгөн дүнгээр нь авч үзвэл гадаадад суралцагсдынх дотоодын их, дээд сургуульд элсэгчдийнхээс тэнгэр, газар шиг зөрүүтэй буюу харьцангуй өндөр. Тухайлбал, Боловсролын зээлийн сан гадаадад суралцагсдад дунджаар 110 саяас нэг тэрбум орчим төгрөгийн зээл олгосон бол дотоодын их, дээд сургуульд элсэгчдэд 750 мянгаас 18 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгаа юм. Дотоодод суралцагсдад олгосон зээлийн эргэн төлөлт өдгөө 98 хувьтай буй бол гадаадынх нь ердөө дөрвөн хувь. 2024 онд гэхэд нийт 14.6 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөний 12.3 тэрбум нь дотоодод суралцагсдынх, 2.3 тэрбум нь гадаадад мэргэжил эзэмшсэн хүмүүсийнх байна. Эндээс л дотооддоо олгосон зээлийн эргэн төлөлт, үр ашиг гадаадынхаас хэр өндөр вэ гэдэг нь тодорхой харагдана. Гэтэл зөвхөн дотоодод зээлээр суралцсан төгсөгчдийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэдэг шударга бус журам үйлчилж, гадаадад суралцсан ч өр төлбөрөө барагдуулаагүй хүмүүс хариуцлага, “хар жагсаалт”-аас холуур өнгөрсөөр байна.
Засгийн газар, илүү тодруулбал, Боловсролын яамныханд гадаад зээл, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ил тод болгохгүй байх сонирхол, далд зорилго нуугдаж байна уу гэлтэй. Боловсролын зээлийн сангийн төсөв, иргэдэд үзүүлдэг үйлчилгээний төрөл 2020 оноос хойш гурав дахин нэмэгджээ. 2023 онд гэхэд тус санд 91 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан бол өнгөрөгч онд 105, энэ жил 158 тэрбум болж нэмэгджээ. Зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжаар гадаад, дотоодод суралцагсдад дээд боловсролын нийт 29 төрлийн үйлчилгээг уг сангаар дамжуулан үзүүлж байгаа аж. Гэвч энэ хэрээр албан хаагчдынх нь тоо нэмэгдсэнгүй, мэдээллийн бүртгэл, системийн хөгжүүлэлт нь сайжирсангүй. Үндэсний аудитын газрын сүүлийн гурван жилийн дүгнэлтэд яг энэ асуудлыг онцгойлон дурдсан байна. Зээлийн санг цахимжуулах, мэдээлэл нийлүүлэх ажил орхигдсон гэж аудиторууд дүгнэжээ.
Боловсролын зээлийн сангийн асуудлаар попорч, өөрийгөө “тодруулсан” салбарын өмнөх сайд Л.Энх-Амгалан тус сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хүнээс хамааралгүй болгох амлалтаа биелүүлж чадалгүй, үүнийхээ төлөө юу ч хийлгүй байсаар суудлаа шилжүүлсэн. Тэрбээр зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг хүнээс хамааралгүй явуулах, хиймэл оюун ухаанд тулгуурласан систем нэвтрүүлэх талаар ярьж байв. Түүний орыг залгамжилсан сайд П.Наранбаяр ч зээлийн сангийн үйл ажиллагааг ил тод болгож, зөв голдиролд нь оруулахад анхаарч ажиллахаа зарлаж, үүнтэй холбоотойгоор нэг бус хүнийг томилсон. Гэвч одоогоор дорвитой гэмээр зүйл хийгээгүй л байна.
126 гишүүнтэй шинэ парламент Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулаад буй. Тэдний хийх гол ажил нь зээлийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн сайжруулах. Хамгийн сүүлийн ээлжит хуралдаан нь энэ сарын 15-нд боллоо. Зээл, тэтгэлэг олгох үйл ажиллагаа, сонгон шалгаруулалтыг ил тод болгох асуудлыг ажлын хэсгийн гишүүд голчлон хөндөж байгаа. Улсын зардлаар гадаадад суралцсан хүмүүсийн зээлийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд яагаад бүртгэхгүй байгаа талаарх үндэслэл бүхий тайлбар шаардсан албан бичгийг ч ажлын хэсгийн гишүүд Боловсролын сайдад хүргүүлсэн юм билээ. 1997-2020 онд гадаадын оронд улсын зардлаар суралцсан ч зээлээ төлөөгүй хүмүүсийн мэдээллийг Төв банканд нийлүүлэхээр бэлтгэж буйг Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэвч салбарын яамнаас энэ чиглэлээр гаргасан дорвитой шийдвэр, чиг алга. Үндэсний аудитын газрын дүгнэлтэд дурдсан системийн хөгжүүлэлт, цахимжуулалтыг сайжруулах чиглэлд гэхэд энэ онд огт хөрөнгө мөнгө төсөвлөөгүй нь тус сангаас олгодог зээл, тэтгэлгийн мэдээллийг цахимд бүртгэх ажилд мөддөө ахиц дэвшил гарахгүй нь гэж хардахад хүргэв.
Мэдээллийн ил тод, нээлттэй байдал гэдэг бол шударга бус тогтолцоог халах, өөрчлөх үндэс юм. Ялангуяа нэг хүнд олгох санхүүжилтийнх нь хэмжээ хэдэн арван саяар яригддаг гадаад зээл, тэтгэлгийн мэдээллийг илүү хяналттай, нарийвчлалтай бүртгэж байх учиртай. Ингэж байж өндөр албан тушаал, эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс иргэдийн боломжийг хулгайлдаг байдлыг таслан зогсооно. Угаас нээлттэй байх ёстой мэдээллийг ил болгож буй мэтээр жүжиж, хэдэн хүний нэр зарласан болоод л өнгөрдөг сайд, дарга нарт “хийцгүйрэх”, улс төржих боломж ч гарахгүй.
Яг одоо бол Боловсролын зээлийн сангийн гадаад зээл, тэтгэлгийн санхүүжилтийн мэдээлэл хаалттай байгаа учир суралцагчдын хөгжил, нийгэмд үзүүлж буй нөлөө, үр ашиг зэргийг дүгнэж, тооцох арга алга. Энэ сангийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй ажлын хэсгийн гишүүд нь хүртэл “2024 онд зарцуулсан төсөв, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилтийг танилцуулах” хүсэлтийг салбарын сайдад нь гаргаад буй юм билээ. Зээл, тэтгэлэг олгох үйл явц ямар байдлаар үргэлжилдэг буюу эздэдээ хүрдэг үү, олон улсад өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилтыг эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн бодлоготой уялдуулж чаддаг уу гэдэг асуултын хариулт ч бүрхэг байна. Энэ чиглэлээр нэгтгэсэн, албан ёсны дүн мэдээлэл Боловсролын зээлийн сангийн цахим хуудсанд алга. Эрэлттэйд багтсан багш мэргэжлээр дотоодод суралцсан оюутнуудын гэрээний биелэлт дөнгөж 40 хувьтай буй, Боловсролын зээлийн сан бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагчдад зээл, тэтгэлэг олгох журамтай ч 2022 оноос үүнийг зөрчиж, залуусыг 2-3 жил хэлний бэлтгэлд улсын зардлаар сургасан тохиолдлууд ч гарсан гэдэг. Мөн зээл, тэтгэлэг давхцуулж олгохгүй байх зохицуулалтыг зөрчсөн жишээ ч бий. Дээд боловсролыг дэмжих зорилготой гэх тусгай сангийн үйл ажиллагааны цаана ямархуу холион бантан өрнөж ирснийг таамаглахад бэрх. Гэтэл энэ бүхний учрыг олж, цэгцлээгүй байж Ерөнхийлөгчийн нэрэмжит, Засгийн газрын (хуучнаар Ерөнхий сайдын нэрэмжит) гэх тэтгэлгээр жилд хэдэн зуун залуусыг гадаад руу явуулж, төсөвт дарамт учруулсаар буй. Эдгээр хөтөлбөр тойрсон маргаан, шүүмжлэл, үл ойлголцлуудыг ч шийдэж чадаагүй байтал төгсөгчид нь эхнээсээ ажлын байранд гарч байна.
Засгийн газрын зээл, тэтгэлгээр гадаадад суралцаж мэргэжил эзэмшсэн залуус ч Боловсролын зээлийн сангийн үндсэн зорилгыг дахин тодорхойлж, илүү эрүүл тогтолцоотой болгох, ахисан түвшинд буюу магистр, докторын хөтөлбөрийнхнийг л гадаадад сургах замаар санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх, үндэсний их, дээд сургуулиудаа чадавхжуулж, бакалаврын түвшний оюутнуудыг эх орондоо “тогтоон барих” шаардлага тулгарсныг энэ цаг үед хөндөж эхэллээ. Салбарын сайд, дарга нар болон УИХ дахь холбогдох ажлын хэсгийнхэн тэдний санал, шүүмжлэлийг хүлээн авч, зөвлөгөөг нь үйл ажиллагаандаа тусгах тал дээр анхаарахад илүүдэхгүй.
Н.Мишээл