Монгол Улсаас гадаад орнуудад суух Элчин сайд, консулын томилгоо өнгөрсөн оны төгсгөлөөс эхэлсэн. Нийт 23 оронд суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаад буй. Мөн үүн дээр консулын албан тушаал нэмэгдээд 50 орчим хүнийг шинээр томилох хэрэгтэй болсон юм. Ийнхүү гарч буй сул албан тушаалыг хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй МАН, АН, ХҮН намынхан хувааж авахаар тохиролцож, “бялуу”-ндаа дугаарлаж эхлээд байна. Оны төгсгөлд гурван хүнийг консулаар томилсон. Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Одбаярыг МАН-аас Хонконг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбааг АН-аас БНСУ-ын Бусан, ХҮН намаас Шадар сайдын ахлах зөвлөх З.Лхагвадорж гэх залууг БНХАУ-ын Эрээн хотын ерөнхий консулаар тус тус томилуулав.
Дипломат албан тушаалыг сонгуульд нэр дэвшээд ялагдсан, эсвэл “виз” авч чадаагүй гомдогсод, улс төрөөс тэтгэвэрт гарч буй хүмүүст бэлэг болгодог жишиг тогтоод удаж байна. Энэ ёсоор үлдсэн албан тушаалууд дахь томилгоо үргэлжилж буй юм.
30 хувьд нь улс төрч томилдог жишиг
Манай улс дэлхийн 30 оронд дипломат төлөөлөгчийн 49 газартай. Үүнд Монгол Улсаас гадаад орон дахь Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэдэх Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын, Консулын болон Консулын төлөөлөгчийн газар тус тус хамаардаг. Консулын төлөөлөгчийн газарт ерөнхий консул, консул, дэд консул болон атташе гэсэн албан тушаал бий. Консулыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн томилдог бол Элчин сайд нарыг УИХ-аар оруулж, зөвшилцдөг. Харин Засгийн газрын 145 дугаар тогтоолыг баталснаар консулуудыг Ерөнхий сайд биш, Гадаад харилцааны сайд томилдог болжээ. Дипломат албыг ГХЯ хариуцдаг, одоо консулын томилгоо хийх бүрэн эрхтэй болсон учраас Б.Батцэцэг сайд нэлээд “дарамт”-ад байгаа болов уу. Тэрбээр дээрх албан тушаалд мэргэжлийн дипломатчдыг томилох зарчим баримталж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс “Хамтарсан Засгийн газрын зарчмыг баримталж, МАН, АН, ХҮН намын боловсон хүчнийг тодорхой хэмжээнд томил” гэсэн үүрэг өгсөн аж. Энэ талаар Б.Батцэцэг сайд “Олон улсад 20-30 хувьд нь улс төрийн буюу бусад салбараас дипломат албанд томилдог. Ингэхдээ гадаад хэлний мэдлэг, улс төрийн салбарын туршлага, гадаад харилцааны болон олон улсын салбарт ажилласан байдал, тухайн орны онцлог зэргийг харгалздаг. Туршлагатай, улс төрийн өндөр түвшинд ойлголцох чадвартай улс төрчдийг хоёр хөршид Элчин сайдаар томилсон. Зарим оронд бизнесийн салбараас томилсон Элчин сайд сайн ажиллаж буй туршлага бий. Тиймээс улс төрчдийг томилж огт болохгүй гэсэн зүйл үгүй. Миний хувьд аль болох анхан шатнаасаа бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүсийг санал болгоно” хэмээн ярьжээ. ОХУ-д УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшинг 2021 онд, БНХАУ-д гишүүн асан Н.Энхболдыг өнгөрсөн онд Элчин сайдаар томилсон билээ.
Эцсийн шийдвэрийг суух улс нь гаргана
Он гарснаас хойш парламентаар Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжээд байна. Мөн АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотын дэд консул болгохоор шийдээд буй. Н.Оюундарь өмнө нь Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Хэдий тийм ч түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан улс төрчдийн нэг хэмээн нийгмийн сүлжээнд шүүмжилж байна. АН-ын дарга асан С.Эрдэнийг “Залуустаа зайгаа тавьж өг” гэж олон хүн шүүмжлэв. Өнөөх нь өөрийгөө эл албанд тэнцэх мэдлэг, туршлагатай гэдгээ батлах гэж баахан тайлбар тавилаа. “Би 35 жил АН-аа, ардчиллаа ялуулах гэж өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн. Монгол төрийн бүх сонгуульд 11 удаа нэр дэвшиж, нийслэлийн болон Баянгол дүүргийн ИТХ-д тус бүр хоёр, УИХ-д гурван удаа сонгогдож ажилласан. Төрд хийх ажлаа нэр төртэй хийж ирсэн” гэх мэтээр бичив. Одоо хариу шагналаа хүртэх нь зүйн хэрэг л гээд байгаа бололтой. Гэтэл тэр зуурт нь түүний хүү Э.Одбаяр Сүхбаатарын талбайд “Засгийн газар огцор” жагсаал зохион байгуулж буй. “Худал жагссан дүр эсгэж, аавыгаа Элчин сайдаар явууллаа” гэх мэтээр түүнийг ч шүүмжлэл тойрсонгүй. АН-аас С.Эрдэнийг Чикаго хотод ерөнхий консулаар томилуулах санал өгсөн ч Гадаад харилцааны сайд татгалзсанаар дэд консул болгож буй юм билээ.
Манай талаас улс төрийн тохироо хийж, гомдсон, горилсон хүмүүстээ дипломат албыг бэлэг болгодог ч гол шийдвэрийг нөгөө улс нь гаргадаг. Хэрэв Элчин сайд, консулаар томилох саналыг суух улс нь хүлээн зөвшөөрөхгүй бол хүнээ солихоос өөр аргагүй. Ингэж буцаагдаж байсан хүн ч цөөнгүй байдаг. БНСУ-д албаны ажлаар зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрч, ёс зүйгүй үйлдэл гаргасан “өгзөг” Д.Одбаярыг МАН улс төрийн өндөр албан тушаалаас буулгахын оронд улам л дэвшүүлээд байдаг. Энэ удаа ч Хонконг руу ерөнхий консулаар томиллоо. Тус улс түүнийг хүлээн зөвшөөрсөн хариу өгсөн тухай Б.Батцэцэг сайд ярьсан. С.Эрдэнийн тухайд Чикаго хот дахь монгол иргэдийн зүгээс түүнийг дэд консулаар хүлээж авахгүй хэмээн гарын үсэг цуглуулж эхэлсэн гэнэ. Улс төрийн хувьд туршлагатай хүн хэдий ч С.Эрдэнэ англи хэлгүй. Тэгсэн атлаа АНУ-д дэд консул хийнэ гэж буйг иргэд эсэргүүцэж байгаа сурагтай. Гадаад харилцааны сайд энэ тухайд “Консулын газар голдуу тухайн улсад амьдардаг өөрийн иргэдтэйгээ харилцдаг учраас АН-ын саналаар С.Эрдэнийг томилсон. Орос хэлтэй юм билээ” гэжээ.
Засгийн газарт нэгдсэн намуудаас ирүүлж буй горилогчдын зарим нь шалгуур хангахгүй байгаа тул Гадаад харилцааны сайд татгалзаж байгаа аж. Тэднээс гадаад хэлний шалгалт авч буй гэнэ. Гэхдээ л улс төрийн тохиролцоо илүү хүчтэй “шалгуур” болж байна. Дур эзнээ голохгүй гэдэгчлэн нөгөө улс төрчид нь өөрийн чадвар, мэдлэгийн хэмжээнээс ичиж зовохгүй юм.
Үүнээс гадна МАН-аас УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлийг Турк болон Болгарын аль нэгэнд, ХБНГУ-д суух Элчин сайдад “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндонг зүтгүүлж байгаа сурагтай. Япон Улсын Осака хотод суух ерөнхий консул болох их хүсэл гишүүн асан П.Анужинд байгаа. Хэдийгээр тэр уг мэдээллийг үгүйсгэсэн, дараа нь Ерөнхий сайдын зөвлөх болсон ч сиймхий гарахыг горилж суугаа биз ээ.
Горилогчдын нэрс тодорхойгүй ч хөшигний ард дээрх гурван намын даргынхаа үүдийг сахисан, түрүүчээс нь Гадаад харилцааны сайдад нэрийг нь илгээсэн хүмүүс олон байгаа гэнэ. Нэгэнт намын зөвшилцлөөр санал болгосон хүмүүсийг эрс үгүйсгэх боломж үгүй. Ийнхүү манай улсад дипломат албанд тэтгэвэртээ гарсан улс төрчид болон УИХ-ын сонгуульд амжилт олоогүй, ямар нэг байдлаар гомдож үлдэгсдийг илгээсээр удаж байна. Нөгөөдүүлийг нь суух улс нь хүлээж авсан байсан ч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах сэтгэл, мэдлэг, хэлний чадвар дутмаг хүмүүсээс үр дүн хүлээх хэцүү.